Хаврын синдром бол хамгийн ташаа ойлголт

2016 оны 3 сарын 29

Сэтгүүлч:
Улаанбаатар

Монгол хүмүүсийн дунд мэдрэлийн ядаргаа, стресс гэсэн оноштой өвчтөнүүд олширч байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу хүмүүсийн хэлж заншсанаар “Шар хадны эмнэлэг”-ийн эмч, мэргэжилтнүүд тодотгож байна. Ядаргаа, стресс яагаад бий болдог, ямар хүмүүс энэ өвчинд илүү нэрвэгдэж байгааг сурвалжлахаар бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорилоо. Нийслэлийн  зүүн жигүүр, Баянзүрх дүүргийн Шар хадны эцсийн буудлын орчимд байрлах ногоон дээвэртэй, цагаан алаг байшин гаднаасаа амар амгаланг илтгэн дүнхийх ч дотроо бол тиймгүй гэдгийг сурвалжлага бэлтгэх явцдаа мэдсэн юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийг”Галзуучуудын эмнэлэг” гэж муугаар нэрлэх хүмүүстэй олон таарч байсан. Гэвч биднийг  очиход хөл хөдөлгөөн багатай, айвуу тайвуу газар угтсан юм. Тэнд бусад эмнэлэг шиг өвчтөн, өвчтэй хүмүүсийн ар гэрийнхэн хөлхөлдөх нь үгүй. Мэдрэлийн ядаргааны тасгийн гадаа эмчид үзүүлэхээр дугаарлан зогссон хэдхэн хүн л харагдлаа. Бид тус эмнэлгийн гаргасан журмын дагуу албан бичиг авч очин,  амбулатори, тасгуудад орж сурвалжлах  зөвшөөрлийг захиргааны албанаас авсан юм.


Дэлгэцийн дон түгээмэл байна

Бидний уулзсан анхны хүн бол СЭМҮТ-ийн их эмч Г.Уянга. Түүнтэй мэдрэлийн ядаргаа, стрессийн тухай ярилцлаа.

-Одоогоор танай эмнэлэгт мэдрэлийн ядаргаа, стрессийн шалтгаанаар хэдэн хүн эмчлүүлж байгаа вэ?

-Өдөрт дунджаар 20-30 хүн амбулаториор үзүүлж, зөвлөгөө авч байгаа. Тэдний олонх нь ядаргаа, стресст өртсөн байдаг.

-Стресст орсон, мэдрэлийн ядаргаатай хүмүүс энэ төрлийн өвчтэй болж байгаагаа хэрхэн мэдэж болох вэ. Энэ төрлийн өвчин бүрэн эдгэх үү?

-Мэдрэлийн ядаргаанд өртсөн үед сэтгэл зүйн талаас болон биеийн хувьд өвчний олон шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, нойрондоо муудах, унтсан ч амарсан болохгүй бие хүнд оргих, амархан хөлрөмтгий болох гэх мэт. Сэтгэл зүйн талаас амархан бухимдах, аливаа зүйлд амархан эмзэглэх, гомдох зэрэг мэдрэмж илэрдэг. Өвчний эдгэрэлтийн хувьд тухайн  хүний стресст өртсөн байдал, үргэлжилсэн хугацаа, хувь хүний онцлог гээд олон зүйлээс хамаарч өөр өөр байдаг. Хэрвээ эмчилгээг бүрэн төгс, эмчийн заасны дагуу хийлгэвэл эмчилгээ төдий чинээ үр дүнгээ өгнө гэсэн үг. Манайд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмчилгээний үр дүн сайтай байгаа.

-Сүүлийн үед монголчуудын дунд компьютер болон гар утсанд донтсон иргэд, тэр дундаа хүүхдүүд их байгаа гэсэн. Энэ нь интернет хэрэглээ хүртээмжтэй болсонтой  холбоотой юу?

-Компьютер болоод гар утсанд донтох өвчин нэмэгдсэн. Дэлхий нийтийн хэмжээнд энэ төрлийн өвчнийг дэлгэцийн дон гэж нэрлэдэг. Дэлгэцэнд донтсон хүмүүсийг тухайн донтуулж байгаа зүйлээс нь холдуулах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, компьютер, гар утаснаас хол байлгана гэсэн үг. Нөгөө талаар хамгийн гол эмчилгээ гэвэл сэтгэл засал, шаардлагатай бол нэмэлт эмийн эмчилгээ хийдэг.

-Сэтгэцийн эмгэг туслаа гэхэд хүмүүс СЭМҮТ-ийг зорих нь цөөн. Сэтгэцийн эмнэлэгт ирэхгүйгээр стрессээ тайлах арга бий юү. Сэтгэл зүйчийн зөвлөгөө стрессээс гаргах уу?

-Хэрвээ тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн байдал нь хүндэрсэн бол, стресс үүсгэсэн тухайн нөхцөл нь шийдвэрлэхэд төвөгтэй бол сэтгэл зүйчээс зөвлөгөө авснаар эдгэрнэ гэж хэлэхэд хэцүү. Стрессийн улмаас үүссэн сэтгэлзүйн байдал нь харьцангуй хөнгөн бол мэргэжлийн зөвлөгөө тус болохыг үгүйсгэхгүй. Стресс тайлах маш олон арга байдаг. Хүн өөрт тохиолдсон бэрхшээл, зовлон, үүссэн дотоод мэдрэмжээ хэн нэг итгэсэн хүндээ нээж байх хэрэгтэй. Мөн ажил, амралтаа зөв зохицуулж, цэвэр агаарт гарах, биеийн дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Энэ бүхэн бага хэмжээний стресс, ядаргааг үлдэн хөөх боломжтой.

Харин сэтгэцийн өөрчлөлтийн улмаас нийгэмд болон өөртөө аюул учруулсан, аюул учруулж болзошгүй хүмүүсийг харьяа дүүргийнх нь тасагт хэвтүүлж эмчилдэг.

-Хаврын синдром гэх яриа байдаг. Хавар болохоор сэтгэцийн өвчин сэдэрдэг юм уу?

-Иргэдийн дунд “Хаврын синдром” гэсэн хэлц үг их дэлгэрсэн. Үүнээс болж хавар болохоор хүмүүсийн сэтгэцийн өвчин сэдэрдэг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Хаврын улиралд хүмүүсийн сэтгэл зүйн байдал тогтворгүй болдог гэдэг нь ташаа ойлголт. Хүний сэтгэл зүйн байдлыг заавал ямар нэг улиралтай холбон тайлбарлах нь өрөөсгөл юм. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа бол хүний сэтгэл санааны тайван бус байдал, сэтгэцийн өвчлөлийг улирлын байдалтай холбон үздэг нь буруу.

Мэдрэлийн өвчин, стрессийн талаар эмч ийн өгүүлж байна.


Хурцын тасгийн “найзууд”

Хүмүүсийн хэлдгээр “галзуучууд” байдаг гэх  хурцын тасгийн  вакум цонхууыг нь төмрөөр халхалжээ. Ийшээгээ орж үзээгүй ямар ч хүн үүнийг “аймшгийн газар” гэж боддог.

Харин биднийг тасгийн хаалгаар ороход модон хаалга нь түгжээтэй байв. Хаалгыг гаднаас онгойлгох боломжгүй тул хаалганы баруун талд байсан хонхны товчийг дарахад төд удалгүй 50 орчим насны сувилагч яарч, тэвдсэн аястайгаар хаалгыг онгойлгож өглөө.

Үүдний хэсэг нь яг л жирийн эмнэлэг шиг  санагдаж байлаа. Гэхдээ корридорт байсан өвчтөнүүдийн  сониучирхсан харц нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Тэд харцаараа “Чи эндхийн хүн биш байна” гэсэн аястай шагайж харах нь жирийн биш санагдана. Гүн үрчлээ, атираа суусан нүүрэнд нь ямар ч баяр баясгалан, инээд хөөр алга. Олон хоногийн турш угаагүй болов уу гэмээр гарт нь хир даг шингэж, эмтэрч цуурсан хумснууд нь хар хүрээ татжээ. Коридорт хэсэг хугацааг өнгөрүүлж ажиглахад зарим өвчтөн хүрч ирээд “Найз аа, чамд чухал юм хэлье, чамд мөнгө байна уу, би одоо гэр рүүгээ явах гээд байна” гэж хэзээний танил шиг хуучлах ажээ.

Хурцын тасгийн сувилагчийн хэлсэн “Өвчтөнүүд гаднаасаа энгийн хүн шиг харагддаг, гэхдээ мөнгө асууж магадгүй шүү” гэж сануулсан нь үнэн байлаа.

(Энд зураг авах хориотой, гэхдээ нууцаар авсан)

Корридорт удаан зогсох шалтгаан нь тэндхийн эмчийг хүлээсэн хэрэг. Эмч хэсэг хугацааны дараа ирж, “Миний өрөөнд ороод ир, ажил их байна, хурдхан шиг ярилцья” гэлээ. Эндхийн ажилтнуудын ажил гэж дуусахгүй их юм. Бүгд л яарсан хүмүүс, яарсандаа болоод ч тэр үү бага зэрэг хөмсгөө зангидсан харагддаг юм билээ.


Хүмүүс стрессээ зөв тайлж чаддаггүй

Монгол Улсын зөвлөх эмч, СЭМҮТ-ийн IV клиникийн эрхлэгч, АУ-ны  магистр, клиникийн профессор Н.Отгон эмчтэй ярилцлаа.

-Хурцын тасагт хэвтэж буй хүмүүс эмнэлэгт өөрсдөө ханддаг уу. Ядаргаанд орсон, Болохгүй байгаа”-аа яаж мэдэж ирдэг вэ?

-Ихэвчлэн ар гэрийнхэн нь авчирдаг. Тэрнээс өөрийгөө өвчтэй болж байгааг мэдэж ирдэг хүн гэж цөөхөн. Тэд өөрсдийгөө эрүүл, сэтгэцийн хувьд ямар ч асуудалгүй гэж л боддог. Гэвч цаанаа болохгүй байгааг мэддэггүй.

-Стресстэй хүмүүс өмнөх жилүүдээ бодвол ихэсч байна уу?  

-Нийгэмд сэтгэцийн эмгэг ихэснэ үү гэхээс багасана гэж байхгүй. Жишээ нь, төсвийн байгууллагаас жишээ татвал тэд нарын цалин өдрөөс өдөрт хасагдаж байна. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа хүмүүс сэтгэл ханамжтай ажиллаж чадахгүй байна.

-Сэтгэцийн эмнэлэгт ирэхгүйгээр, сэтгэл зүйчдэд хандахгүйгээр мэдрэлийн ядаргаа, стрессээс сэргийлж болох вэ. Мөн иргэд яаж стрессээ зөв тайлах вэ?

-Хүмүүс стресс гээд л сүрхий яриад байдаг болохоос биш өөрсдөө зөв тайлж чаддаггүй. “Би ууртай хүн” гээд уурлаад байж болохгүй. Ямагт бусад руу дайрч, бусдад бурууг тохон  уурлах биш яаж эвтэй өнгөрөх тал дээр анхаарах хэрэгтэй шүү дээ. Бас ямар нэг хүнд уурлаж, гомдсоноо бодоод яваад байх юм бол өвчин болох магадлалтай. Стрессээ тайлах хамгийн анхан шатны алхам бол итгэж явдаг хүндээ сэтгэлээ нээх юм. Сэтгэлээ онгойтол ярилцах  хүн байхгүй бол мэргэжлийн сэтгэлзүйчдэд 5-7 удаа хандахад хүний сэтгэл аяандаа тайвширч, уужраад ирдэг.

-Энгийн мэдрэлийн ядаргааны тасгаас хурцын тасагт шилжиж ирэх тохиолдол бий юу. Ер нь хурцын тасагт эмчлүүлбэл хэр удаан хугацаагаар эмчлүүлдэг вэ?

-Энгийн тасгаас хурцын тасагт шилжих тохиолдол олон биш. Хааяа л тийм зүйл гарна. Энд эмчлүүлэгчид ихэвчлэн 14 хоногоос нэг сарын хугацаатай эмчлүүлдэг. Гэхдээ өвчнөөсөө хамаараад янз бүр л дээ. Ер нь иргэд энд ирж эмчлүүлэхгүйн тулд дор бүрнээ стрессээ зөв тайлж сурах хэрэгтэй. Мөн аль болох дасгал хөдөлгөөн хийгээсэй, компьютер, интернет хэрэглээгээ багасгаасай гэж л хэлмээр байна даа гэлээ.


 Иргэдэд сануулахад:

-Хэрвээ та хэт их ачаалалтай, амрахгүйгээр ажиллаж буй бол

-Шөнөжингөө гар утсаа оролдож, хагас дутуу нойртой явдаг бол

-Компьютерын ард удаан хугацаагаар суугаа бол

-Хямарсан сэтгэлээ хэн нэгэн хүнд нээхгүй бол стресс өртөн эрсдэлтэй гэдгийг сануулъя.  Сэтгэцийн өвчин гэдэг бол бусад өвчний л нэгэн адил хэн ч тусч болдог гэмтэй. Түүнээс сэтгэцийн өвчтөн тусдаа төрдөг, эгэл хүмүүст хамаагүй мэт хандах нь буруу юм.  Мөн сэтгэцийн өвчтөнүүдийн галзуу, солиотой хэмээн ад үзэхгүй байхыг ч эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Я.ТӨМӨР-ОЧИР, Ж.ГҮЕГ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна