Тариаланчид мөнгөгүй гэхдээ сэтгүүлчдэд тараах мөнгөтэй

2016 оны 3 сарын 29

Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалангийн холбооноос хаврын ургацын асуудлаар мэдээлэл хийлээ. Тариаланчид өнгөрсөн намар их хэмжээний ургац алдсанаас болж, энэ хавар тариалалт эрхлэх мөнгөгүй болсноо мэдэгдсэн юм. Мөн тэд 2015 онд Монгол Улсын нийт тариаланчид 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амссан гэдгээ тайлбарлалаа. Тариалалтын салбар нэгэнт ийм хүнд нөхцөлд  орсоныг одоо Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Засгийн газар зөвшөөрөх цаг нь болсон тухай тариаланчдын төлөөлөл ярив. Өнгөрсөн жил цаг агаар ид халж байх үед ХХААЯ, БОНХАЖЯ үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажлыг хийгээгүйгээс шалтгаалан ийнхүү нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсан. Иймээс одоо “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг салбар яам нь хэрэгжүүлж, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор багтаж тариаланчдад яаралтай өгөх шаардлагатайг санууллаа. Мөн хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ ямар нэгэн тендергүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ёстой гэж тариаланчид үзжээ.

Харин Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас энэ хавар улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 163 мянган га-д тэжээлийн баримал, 25.3 мянган тосны болон сэлгээний бусад таримал нийт 385.3 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж буй тухайгаа мэдээллээ. Тариаланчдын шаардаад буй 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй бага хүүтэй   зээлийг ч Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгохоор яамны зүгээс шаардагдах бичиг цаасны ажлаа дуусгаад Хөгжлийн банкинд хүргүүлжээ. Хөгжлийн банк мөнгөний эх үүсвэрээ тодорхойлчихвол хугацаа алдахгүй тариаланчдын хүсэлт дээр тулгуурлан олгох аж. Өнгөрсөн намар тариалалтаа алдсан Хүнс хөдөө аж ахуйн яам дотоодын гурил, будааны нийлүүлэлтээ тасалдахгүйн тулд 20 мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрлийг тариалан эрхлэгч 16 аж, ахуйн нэгжид олгосон билээ. Энэ шийдвэрийг тариаланчид ОХУ-ын тариаланчдыг 150 сая ам.доллараар дэмжсэн бодлого гэж харжээ. Иймээс тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, ҮАБ-ын зөвлөлд ХХАА-н сайд Р.Бурмаагийн гаргасан дээрх шийдвэрийг хянаж, шалгахыг хүссэн албан бичиг хүргүүлж, ирэх сарын нэгний дотор импортын буудайгаа зогсоохыг шаардаж буй юм. Хэрэв дээрх шаардлагыг салбарын яам нь хурдан хугацаанд биелүүлэхгүй бол тариаланчид ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Чингисийн талбайд хүрзтэй жагсаал хийхээр төлөвлөжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 5200, төмс хүнсний ногооны үрлүүр 358 ажиллана гэсэн тооцоог гаргажээ. Мөн тариалалтад нь техник дутуу иргэн, аж ахуйн нэгжид 125-165 морины хүчтэй тракторыг 20 хувийн урьдчилгаа төлбөртэй дөрвөн жилийн хугацаатайгаар зээлүүлэх юм байна. Гэхдээ тариаланчдын төлөөлөл Хүнс, хөдөө аж ахуйн яам хөнгөлөлттэй зээл нэрийн  доор чанар муутай техник, хүчийг өндөр өртгөөр шахдаг гэж шүүмжилсэн. Тэд мөн тариалалтад шаардагдах шатахуун, бензинийг хямд үнээр авах сонирхолтой байна. Улмаар салбар яамнаас нь энэ оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах 20 мянган тонн дизель түлшийг импортын онцгой татвараас чөлөөлөх саналыг Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлэхээр болсноо мэдээлсэн юм.  Эцэст нь, Шатахуун байхгүй, үр байхгүй, ажилчдын гар дээр тавих цалин байхгүй юугаараа бид тариа тарих вэ. Үүн дээрээс нэмэгдээд энэ салбарт баримтлах ямар ч бодлого байхгүй гэж тариаланчид ярьсан.

Гэхдээ тэд өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдэд мөнгө тарааж, аваагүй сэтгүүлчдийг загнаж байлаа. Мэдээж тэдний тараасан мөнгийг авсан аваагүй мэргэжлийн сэтгүүлчид тариалалтын салбарт үүссэн асуудлаар салбарын яам,  тариаланчдын аль аль талынх нь байр суурийг тэнцвэртэйгээр үзэгчид, уншигчдадаа хүргэх үүрэгтэй юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна