Төр сайн менежер болж чадах уу?

2016 оны 3 сарын 29

Төрийг муу менежер гэдэг. Гэхдээ төр болгон муу менежер байдаг гэсэн үг биш л дээ. Төрийг төлөөж байгаа даргын сайн муугаас л хамаардаг асуудал гэхэд болно. Үнэндээ бол өнгөрсөн хугацаанд төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниуд алдагдалтай гарсаар ирсэн нь  хоноцын сэтгэлээр хандаж, “хоног” төөрүүлээд буцдаг дарга нарт л гол асуудал байсан гэсэн үг.

Монгол Улсад төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 37 нь алдагдалтай ажиллаж байсан гэх судалгаа бий.  

Төсвийн тухай хуулийн дагуу татан буугдсан ТӨХ төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүдийн сүүлийн гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шал­галт хийж, чухам юунаас болж жил дараа­лан алдагдал хүлээгээд байгаа­гийн учир шалтгааныг тогтоосон байдаг. Алдаг­дал­тай ажилласан төрийн өмчит аж ахуйн нэгжийн нэрсийг тус хорооноос жагсааж байгаад хэвлэлийнхэнд зарлаж байв. Уг судалгаанаас харахад алдагдал нь тэрбум, тэрбумаараар яригдсан компани хэдэн арваараа ар араасаа “жагсч” байлаа. Гэтэл төрийн өмчийг өсгөх, үржүүлэх, хамгаалах, бүрэн бүтэн байлгах үүрэгтэй Төрийн өмчийн хороо нь төрийн компаниуд алдагдалтай байна гээд аргаа бараад сууж байсан юмдаг.  Хувийн компани болон  төрийн компанийн ялгаа нь “төсвийн мөнгө ёолдоггүйдээ”л байсан биз.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниуд өнгөрсөн жилд гадаад, дотоодын зах зээл өөрсдийн байр суурь, үнэ цэнээ багагүй алдсан. Үүнийг экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ойрын жилүүдэд байгаагүйгээр буурсан үзүүлэлтүүдээс харж болно.  Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ асар богинохон хугацаанд уруудан унаж байгаа нь  Монголын уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд шууд нөлөөлсөнтэй холбон тайлбарлаж болох.

Дотоодын нүүрсний хэрэглээ болон цахилгаан, дулааны эрчим хүчний тодорхой хувийг хангадаг ууган уурхайнуудын нэг “Шивээ Овоо”, “Багануур” компаниудын алдагдал  өнгөрсөн онд гэхэд л хэдэн тэрбум төгрөгийг хол давсан үзүүлэлттэй гарлаа. Машинаар бол машины хэвийн жигд үйл ажиллагааг хангахын тулд шаардлагатай үйлчилгээг ойр ойрхон хийлгэж, засварлах хэрэгтэй байдаг. Гэтэл  харамсалтай нь 20-30 жил Монголын гал голомтыг халуун, дулаан байлгахын тулд зүтгэсэн ууган уурхайнуудын хувьд нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэх үүднээс дорвитой хөрөнгө оруулалт төрөөс хийсэн удаагүй. Алдагдалтай ажилладаг хэмээн адлах нь олон ч ашигтай ажиллуулья гэж ярьдаг нь цөөн л дөө. Төрийн өмчит компани зардал ихтэй, данхар бүтэцтэй байдгаас гадна ижил төрлийн бизнес эрхэлдэг хувийн бусад компаниас үргэлж хоцорч явдаг. Үүнийг менежмент, удирдлагын арга барилтай нь  холбож тайлбарлахад маргах хүн олдохгүй биз.

Төр засгийн зүгээс төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулснаар ашгийг нэмэгдүүлж чадна гэж үзээд УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталсан нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед цагаа олсон шийдвэр байлаа. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталсан. Үүний дагуу “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн хувийг бууруулж, тодорхой хувийг хувьчлах бэлтгэл ажлыг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцаж байна. Монголын хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалах замаар дээрх уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэх зорилгоор төслүүд хэрэгжүүлэх болсныг холбогдох байгууллага, компанийн зүгээс хэвлэлийнхэнд мэдэгдсэн.  Ингэснээр тэрбум, тэрбумын алдагдалтай, тэгсэн мөртлөө ажилласаар л байдаг уул уурхайн төрийн өмчит компаниудаа босгох, нөгөө талаар удирдлагууд нь хяналттай, хариуцлагатай болгох боломжтой болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, “хоноц”-ын сэтгэлээр ханддаг, хоног төрүүлээд л явдаг “дарга” нар ховордоно гэсэн үг.  Энэ тохиолдол компани “эзэнтэй”, мөнгө нь хяналттай болж чадна. Энэ бол төрийн өмчийн компаниудад үгүйлэгдээд байсан бизнесийн зарчим.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчит компани нь бизнесийн зарчмын дагуу ашигтай ажиллах ёстой. Охин компаниудынхаа алдагдлыг нөхөх, зардлыг бууруулах зорилготой ажиллаж байна. Зах зээлд өрсөлдөж байгаагийн хувьд хэн хурдан өнөөгийн нөхцөл байдалд тохируулан, уян хатан бодлого хэрэгжүүлнэ, тэр компани илүү хурдан хүнд байдлаас гарах боломжтой” гэснээс харахад алдагдалтай ажиллаж байгаа өөрийн охин компаниудынхаа менежментийг шинэчлэх ажлаа нэгэнтээ эхлүүлсэн гэж ойлгож болохоор.

Саяхандаа “Эрдэнэс Монгол” компани Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын зээл авна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар “Эрдэнэс Монгол” компаниас тодруулахад, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ Овоо”, “Эрдэнэс Оюутолгой” гэсэн охин компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, ашигтай ажиллуулах, тэдгээрийн менежментийг чадавхжуулах зорилгоор шаардлагатай санхүүжилтийг АХБ-ны техникийн туслалцааны зээлийн хөнгөлөлттэй эх үүсвэрээс авахаар болсон. Зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааны ашигтай байдал өсч 2016-2024 онуудад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад татвар, болон ногдол ашиг хэлбэрээр нийт 3.3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон” гэв.

Төрийн эзэмшлийн байгалийн нөөц ихтэй ордуудад түшиглэн үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын ашигт ажиллагааг сайжруулж, оновчтой зөв менежментийг хэрэгжүүлэн, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадвал эдийн засгаа өсгөх дотоодын нөөц бололцоо бидэнд байна. Монголын эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад томоохон төслүүдээс гадна төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, олон нийтийн зөв ойлголт нэн чухал. Тэр тусмаа төсвийн мөнгө ёолдоггүй гэж ойлгодог төрийн өмчит компаниудад салхи оруулах цаг болсон гэж хэлж болно.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна