ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Увс аймаг дахь шүүхүүдэд ажиллав

2016 оны 3 сарын 29

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нарын томилолтын ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Увс аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, Монгол улсад өрнөөд 3 жил болж буй шүүхийн шинэтгэл болон түүний үйл явц, бодит үр дүнгийн талаар иргэдтэй уулзалт хийлээ. Тус аймгийн шүүхийн байранд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, 6 дугаар тойргийн Тахарын албаны Увс аймаг дахь хэсэг тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Ажлын хэсгийг Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга, Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл болон шүүгч, ажилтнууд угтан авснаар 2015 оны шүүн таслах ажлын мэдээ болон Шүүхийн тамгын газрын хийж хэрэгжүүлсэн ажлуудыг товч танилцуулав.

Тамгын газрын дарга Л.Баттулга " Увс аймаг дахь анхан шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхүүд аймгийнхаа 19 сум, 92 баг, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 75737 иргэнд шүүх эрх мэдлийн үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2015 онд 136 эрүүгийн хэрэг шийдвэрлаж, 2014 онтой харьцуулахад 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 онд 26 захиргааны хэрэг шийдвэрлэж, өмнөх онтой харьцуулахад 27.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Увс аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 онд 642 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөхөөс 21.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь эвлэрүүлэн зуучлалын үр дүнтэй холбоотой бөгөөд иргэдийн хандах хандлага өссөнтэй холбоотой.Увс аймаг дахь анхан шатны шүүх төрийн санд 61 сая 722 мянган төгрөг төвлөрүүлсэн. Хүний нөөцийн хувьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 1, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 3, Увс аймаг дахь Захиргааны анхан шатны шүүх 3, нийт 7 шүүгч, Тамгын газрын 25 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна” хэмээн танилцуулгадаа дурьдаад шүүгч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, шүүхийн байрыг танилцууллаа.

Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгч, ажилтнуудтай "Миний бие анх удаа Увс аймагт ирж байна. Улаанбаатар, орон нутгийн шүүхээр явж ажиллахад байр, дэд бүтцийн маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Тэдгээртэй харьцуулахад танай шүүх байх ёстой хэвийн стандарттай харагдлаа. Бүгд шижигнэсэн залуус, ихэнх нь миний шавь нар байна. Энэ том эрх мэдлийн ажлыг ийм л залуус хийх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч намайг энэхүү албаа анх авахад Монголынхоо бүх шүүхээр явж ажиллахыг захисан ёсоор энэхүү томилолт маань дуусах шатандаа орж байна. Манай шүүгчид ямар харцтай, ажилтнууд нь ямар зорилготой ажиллаж байгаа нь бидэнд их тодорхой боллоо. Энэ удаад бид зөвхөн 2015 оны ажлын тайлан гэж явцууралгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 жилийн ажлыг нэгтгэн дүгнэхээр ирлээ. Анхны мэдүүлэг хамгийн үнэн байдаг гэдэгчлэн танай шүүхэд ирсэн миний анхны сэтгэгдэл өндөр байна. Би аймаг бүрт иргэдтэй уулзаж явж байгаа. Жирийн иргэд боловсролоос илүү шүүхийг, шүүхэд ямар өөрчлөлт өрнөж байгааг мэдэх ёстой. Говь-Алтай аймагт иргэд намын харьяаллаас үүдэлтэй ажлаас халагдах үзэгдэл их болсноос шүүхийн шударга шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа шийдвэр гүйцэтгэх байгууллагаа хамтад нь шинэтгэ гэж хүсэлт тавьж байна. Би одоо та бүхэнд баллах гэсэн ч балрахгүй, балтаар цохисон ч арилахгүй шинэтгэлийн үр дүнг танилцуулья” гэж мэндчилээд шүүхий эрх зүй, хэзээ ч шүүгчдийн амь нас, эрүүл мэндийг даатгаж байгаагүйгээс эхлээд нөлөөллийн мэдүүлэг шүүгчийн хараат бус байдлын баталгаа, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн эдийн засаг, дэд бүтэц, шүүхэд итгэх итгэл зэрэг үр дүнгүүдийг тайлбарлан ярилаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Их сургуульд 20 гаруй жил багшилсан, төрийн онолын профессор, үгийг хүнд хүргэх илтгэх урлагийн мастер, эрдэмтэн хүн. Түүний Шүүхийн захиргааны бие даасан байгууллагыг удирдсан 3 жилд шүүх эрх мэдэлд гарсан бас нэгэн том ололт бол шүүгчдийн мэдлэг оюунд чиглэсэн хөрөнгө оруулалт гэдгийг явсан газар бүрт шүүгчид талархалтайгаар онцолж байв. Шүүгч Т.Оюунгэрэл, Л.Алтан,У.Бадамсүрэн, шүүгч Н.Гэрэлтуяа, Тамгын газрын дарга Л.Баттулга нар шүүхийн шинэтгэлийн үр дүнгийн талаарх талархлаа илэрхийлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад амжилт хүссэнээр шүүгч ажилтнуудтай хийсэн уулзалт өндөрлөв. Шүүхийн байран дахь уулзалт 3 цаг үргэлжилж, шүүгчид, ажилтнууд аймгийн хуулийн байгууллагын төлөөлөлд "Хууль тайлбарлах онол, арга зүй” лекц зааснаар Н.Лүндэндорж профессорын томилолт Увс аймагт үргэлжлэв.

Томилолтын хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүгч ажилтнуудтай 3 цаг, лекц 1 цаг 30 минут, иргэдийн уулзалт 3 цаг, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгч, өндөр ачаалалтай урт замыг туулж ажиллалаа. Өмнө нь Монголыг тойрон шүүхээр ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, санаа бодлыг нь сонсч байсан хүн нэгээхэн ч үгүй. Уулзсан иргэд, саатсан газар бүрт баргийн хүний тархинд амархан буухгүй шүүх гэх "их айл”-д гарч буй өөрчлөлт шинэчлэлтийг хамгийн ойлгомжтой, хүртээмжтэй ярьж таниулж, харилцан санал солилцож яваа нь шүүхийн шинэтгэлийн автор, төр нийгмийн зүтгэлтний царааг нь эрхгүй илтгэж байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн Увс аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

ЭХ СУРВАЛЖ: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна