Ээлжит бусын эргэн тойронд

2016 оны 3 сарын 29

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган өнөөдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 29-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах болсон. Энэ чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр захирамжид дурдсан юм. Үүнд,

1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

Харин өнөөдөр ээлжит бус чуулганы хуралдаан нээлтээ хийж чадсангүй. Хуралдаанд оролцох гишүүдийн ирц хүрээгүй юм. Хэдийгээр ирц хүрээгүй гэж байгаа ч энэхүү чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ дахь МАН-ын гишүүд болон “Шударга ёс” эвслийн зарим гишүүн дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

Мөн иргэний нийгмийн зарим байгууллагын зүгээс эсэргүүцэж Төрийн ордны гадаа цуглаж, цөмийн шар нунтгийг бэлгэдэн шар оохорыг цацсан. Төрийн ордныг тэр даруй цагдаагийн хамгаалалтад авч, онцгой байдлын албаныхан ирж, цацсан нунтгийг шинжилсэн. Эсэргүүцэгчдээс гурван хүнийг, тухайлбал,  -“Босоо хөх Монгол” бүлгэмийн Ц.Буяндүүрэн, “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч  н.Ганбаатар, сэтгүүлч Ч.Мөнхбаяр нарыг Сүхбаатар дүүргийн шүүхийн тогтоолоор баривчилсан боловч хоёр цагийн дараа торгох арга хэмжээ аван суллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 онд гаргасан цөмийн хог хаягдлыг Монгол улсын хилээр оруулж ирэхгүй байх зарлигийг хуульчилна гэсэн үг юм. Энэ хуулийн төсөл өргөн баригдсан нөхцөлд УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэх юм.

Өдөр 13.00 цагийн үед УИХ дахь АН-ын бүлэг хуралдаан зарлаж, уг хуралдаанаар цөмийн хог хаягдлыг Монгол улсын хилээр оруулж ирэхийг хориглосон хуулийг төслийг өнөөдөртөө багтан УИХ-д өргөн барих үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 онд гаргасан цөмийн хог хаягдлыг Монгол Улсын хилээр оруулж ирэхгүй байх зарлигийг хуульчилна гэсэн үг юм. Энэ хуулийн төсөл өргөн баригдсан нөхцөлд УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэх юм.

Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна