Санжийн Пүрэв гэдэг сайхан буурайдаа тусалъя

2016 оны 3 сарын 29

“Суварган цэнхэр уулс”-ын Солонгоог хараад сэтгүүлч мэргэжил сонгосон бүсгүйчүүд бидний үеийнхэн дунд цөөнгүй. Жар, далаад  оныхны залуу насыг наяад онд гарсан “Загийн Алим”, “Мартагдсан дууль", "Салж чадашгүй хайр" зэрэг киногүйгээр төсөөлөх аргагүй.

...Сутай Богд уулын нөмгөн хөх салхинд дэрсний саадаг намс намс бөхөлзөж, нөмөр нөөлгийг нь бараадсан хэдэн бор болжмор учир үл тайлагдах үглээ жиргээгээ уралдуулан гүйлдэнэ. Байлаа гэхэд илүүдэхгүй, алга гэхэд үгүйлэгдэх энэ сүрэг сүрэг болжмор. Цагаан дэрсний намаржааны нэгэн халуун амь юм даа... хэмээх мөрүүд таныг компьютерийн араас салгаж, аль хэдийнээ Сутай хайрханы ар бэлд, сүрэг болжмор дунд  аваачаад хаячихаж байгаа биз. Хот оронд төрж өссөн, хөдөөх сайхныг огтхон мэдрээгүй хүүхэд залуусыг хүртэл шүүрс алдуулам байгалийн зураглал Санжийн Пүрэвийнх байдаг.

"Эх газрын чулуу", "Эргүүлэг", "Цагийн урсгал", "Усны гудам", "Алаг заяа" зэрэг арваад романаас гадна  "Уулын намар", "Их усны хаялга", "Гурван говийн зэрэглээ", "Сүүдэр догшрох цаг "Айлын бүсгүйг мартахгүй", "Гэрэлт маргаашаа угтахсан", "Ухаарч амьдрах орчлон", "Тэнгэрийн сум зүрхэнд тусдаг", "Тоглоомын тойрог" зэрэг уянгын олон арван тууж бүгд бол С.Пүрэв  баавайн бүтээл.   "Азын цэнхэр уул", "Усаа дагаж жаргана", "Дайны жилийн хүүхэд нас", "Гандиймаа нутагтаа бий" зэрэг зуу зуугаар тоологдох өгүүллэгийг ч тэрбээр зүрх сэтгэлийнхээ угаас бичсэн болохоор уншигч хэнбугайг ч туурвил дундаа амьдруулж чаддаг.

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв гуай хүнд өвчний улмаас олон сарыг шаналгаан дунд өнгөрүүлжээ. Хилийн дээс алхаад эмчлүүлэх боломжтой гэсэн хэдий ч өлгийдөн туурвисан бүхнээ зоосны нүхээр гүйлгэж сураагүйн гайгаар алсыг зорьж чадахгүй өнөөдөртэй золгожээ. Чухам тиймээс л утга зохиолын хүрээнийхэн болоод нүүр номын уншигчид нь С.Пүрэв зохиолчид туслах хандивын аяныг санаачилжээ. Авьяас билэг, ур ухаанаа утга зохиолд зориулсан болохоос мөнгө хөрөнгөд зарж үзээгүй нэгэн суутан маань өвчний өмнө өвдөг сөхөрчээ. Тиймээс бүтээл туурвилыг нь шимтэн уншигч хэн бүхэн хандивын аянд нэгдэхэд бэлэн гэдэгт эргэлзэхгүй байна. Та хандив тусламжаа доорх дансаар илгээж болно. 

ДАНСНЫ ДУГААР:

ХААН банкны данс 503 4402 911. Санжийн ПҮРЭВ.

ТӨРИЙН БАНК 103 200 150 992 Санжийн ПҮРЭВ

Худалдаа хөгжлийн банк валютын 452 590 856 данс

Мөн МЗЭ-ийн байртай залгаа орших оёдолчны газарт Санжийн Пүрэв зохиолчийн зарим бүтээлийг худалдаалж байгаа юм байна. Ном худалдан авсан мөнгө зохиолчийн эмчилгээнд зориулагдах юм. Санжийн Пүрэв гэдэг сайхан буурайдаа туслацгаая.

Ном худалдаж авах хүмүүс 96366056, 99040249 дугаарын утсанд хандаж болох юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна