ОУ-ын миссийн тэмцээнд Монголд болох боломжтой боллоо

2016 оны 3 сарын 29

“Мисс Монголиа Консалтинг” Төрийн бус байгууллагаас ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 9-ний хороонд Улаанбаатарт “Face of beauty international-2016” тэмцээнийг зохион байгуулах болсонтой холбогдуулан өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн хуралд “Мисс Монголиа Консалтинг” ТББ-ын төлөөлөгчид, "Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура болон Унгар улсын мисс Далма Карман, Тонга улсын мисс Даймонд Ланги нар оролцлоо.

 

"Face of beauty international 2016" төслийн удирдагч Ж.Анхбаяр хэлэхдээ "Монгол Улсын миссүүд гадаад руу явж, олон улсын миссийн тэмцээнд оролцдог. Тэгвэл анх удаа олон улсын миссийн тэмцээн болох "Face of beauty international 2016" тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон тухай дуулгахад таатай байна.  Тус тэмцээн нь дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг бөгөөд тэмцээн болох улсыг дэлхий даяар сонирхож, анхаардаг гэдгийг хэлмээр байна. Бид энэхүү тэмцээнийг 2013 оноос хойш эх орондоо зохион байгуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Ингээд 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань гэсэн улсуудтай өрсөлдөж, улмаар Монгол Улс зохион байгуулах албан ёсны эрхийг авч чадсан. Өнөөдөр тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар "Face of beauty international”-г үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Милаа Мануэл болон Унгар, Тонга улсын миссүүд хүрэлцэн ирээд байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 60 гаруй орны миссүүд оролцох бөгөөд тэд 14 хоногийн турш Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг Монгол Улс орон даяар төдийгүй дэлхийн 10 гаруй улсын телевиз, Youtube цахим хуудсаар шууд дамжуулан үзүүлэхээс гадна гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголд ирж сурвалжлах юм. Өнөөдөр дэлхийд чансаагаараа Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа орох FACE OF BEAUTY INTERNATIONAL тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон нь эх орноо дэлхийд сурталчилан таниулах томоохон ажил болоод байна. Үүнийг дагаад дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах чадвартай гэдгээ олон улсад батлан харуулах, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татах, үндэснийхээ соёл урлаг, зан заншил, уламжлалт онцлогоо сурталчлан Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх гэх мэт олон ач холбогдолтой. Одоогийн байдлаар БСШУЯ, НЗДТГ, "Туушин" зочид буудал, МИАТ компани, UBS телевиз гэх мэт олон байгууллагууд биднийг дэмжиж ажиллахаар болсноо мэдэгдсэн” гэсэн юм.

"Face of beauty international 2016" тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатарт болох болсонтой холбогдуулан бэлтгэл ажил ийнхүү эхэллээ.

Энэхүү тэмцээнийг угтан энэ хаврын анхны загварын шоуг зохион байгуулах гэж байна. Ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Missosology Mongolia" загварын шоунд Унгар, Тонга улсын миссүүд болон хүндэт зочид уригдан оролцоно. Мөн энэ үдэш Монголыг төлөөлж олон улсын миссийн тэмцээнд оролцож байсан үе үеийн миссүүд нэгэн тайзнаа гарна. Энэ хаврын хамгийн том дээд зэрэглэлийн загварын шоунд "Говь", "Loriblu", "Precious Fashion House", "O Couture", "Марал" брендүүд 2016 оны хавар, зуны шинэ коллекцио танилцуулах юм.

Та бүхэн Miss Mongolia Consulting фэйсбүүк хуудастай хамт байгаарай.

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна