АСЕМ-ын Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав

2016 оны 3 сарын 29

Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт буюу АСЕП9 /The 9th Asia-Europe Parliamentary Partnership Meeting/-ийг 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэхүү уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2016.03.29/ уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар ээлжит хуралдааныг зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар Болгар, Литва, Итали, Пакистан, Энэтхэг, Индонези, Финланд, Унгар, Чех, Польш, Бельги, Камбодж, ОХУ, Лаос, Норвеги, Швейцарь, Сингапур, Дани зэрэг 33 орны, мөн Европын парламентаас нийт 130 гаруй төлөөлөгч оролцоно. Үүнээс 5 орны парламентын дарга болон 7 орны дэд дарга нар оролцохоор мэдэгдээд байна гэж Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг уулзалтын эхэнд танилцуулсан юм.

Мэдээлэл сонссоны дараа тус уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаварын биелэлтийн талаар мэдээлэл авч, зохион байгуулалтын бэлтгэл ажлын өнөөгийн байдлын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй санал солилцлоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон холбогдох бусад газрын албаны хүмүүс өөр өөрсдийн хариуцаж буй ажлаа тайлагнав. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр эмнэлэгийн тусламж үйлчилгээний өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллана гэж дуулгасан юм.

Ийнхүү цаашид хийх бэлтгэл ажлуудын талаар мэдээлэл, зөвлөмж солилцсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна