Хакүхо: Би аавынхаа амжилттай эн зэрэгцлээ

2016 оны 3 сарын 29

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн буюу Харү башё гоц сонирхолтой болсоор өнгөрсөн ням гаригт өндөрлөв. Энэ башёг Монголын хүчтэн, их аварга Хакүхо М.Даваажаргал 14 даваатайгаар манлайлж сүмогийн дээд амжилт 36 дахь түрүүгээ авлаа. Хакүхо сүүлийн гурван башё дараалан түрүүгээ алдсан ч энэ удаа тун тасархай сайн барилдаж шалтгаан тоочихын аргагүй түрүүлэв. Энэ түрүү өөрийнх нь хэлснээр эртнээс зорьсноор тун үнэ цэнэтэй түрүү юм. Түүний аав Монгол Улсын үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат улсын наадамд зургаа түрүүлсэн байдаг. Тэгвэл Хакүхогийн 36 түрүү яг зургаан жилийн хөдөлмөр зүтгэл шингэсэн гэж ойлгох учиртай юм билээ. Өөрөө ч шагнал гардах үеэр хэлсэн үгэндээ “Би аавынхаа амжилттай эн зэрэгцлээ” гэж хэлэв. Сүмогийн холбооны тэргүүн Хаккакүгийн хэлснээр “Хакүхо бусдаас илт тасархай хэвээр байна гэдэг нь харагдлаа. Уг нь тэмцээнийг сонирхолтой болгосон Японы хоёр озеки Кисеносато, Гоэйдо нарыг онцолж байналээ. Тэд хоёр унаатайгаар Хакүхогийн араас нэхэж явсан. Тэгээд тэмцээний 14 дэх өдөр хоорондоо таарч Кисеносато нь давснаар сүүлчийн өдөр Хакүхогийн унаа хоёр болбол нэмэлт барилдаан гарч болох байлаа. Гэтэл Харүмафүжи аварга Хакүхотой барилдаж төдийлэн чадалгүй унаж Кисеносатогийн горьдлого тасарсан. Нэмэлт барилдаан гараад ч байдал өөрчлөгдөхгүй байсан биз. Хакүхогийн ир омгийг хараад байхад. Уг нь Японы хэдээс арай л дөнгүүр нь Кисеносато яах аргагүй мөн. Сайн ч бөх. Тийм болохоор Сүмогийн холбоо түүнд түрүүлээгүй ч байсан ёкозүна цол өгнө гэж амладаг. Ирэх башёд бас тэгэх боломжтой. Кисеносато дахиад азгүйтэхгүй. Арван гурваас дээш давчихвал нэг юм дуулна даа.

Дээд зиндаанд барилдсан монгол сүмочид тун сайхан барилдав. Тамаваши Мөнх-Оргил, Кёкүшүхо Эрдэнэбаатар нараас бусад нь тавин хувиа хийсэн. Харин түрүү бөхөд яригдаж байсан Харүмафүжи, озеки Тэрүнофүжи нар гэмтлийн улмаас өрсөлдөөнд үлдэж чадаагүй юм. Энэ тэмцээний бас нэг онцлог гэхээр зүйл бол озекигоос доош цолтнууд унасаар байгаад цолоо алдав. Тодруулбал секивакэгаас Ёшиказе, Тоёоношима, комүсүбигээс Точиазан, Такарафүжи нар мултрав даа. Тэдний байрыг санаандгүй сайн барилдсан маэгишира Котоюүки, Икиой, Аоияма, Кайсей нарын бөхчүүд эзлэх боломжтой юм. Бас нэг анхаарал татсан зүйл нь их аваргаас ярилцлага авах үед үзэгчид хашгиралдаж саатал учруулж байлаа. Бодоход Хакүхо 36 түрүүллээ гэдэг япончуудад тийм таатай биш хэтэрхий өндөр рекорд тогтоочихлоо гэсэн дургүйцэл байв уу. Гэхдээ 36 биш 35 түрүү байсан ч ойрын жилүүдэд бараг энэ зуунд эвдэх хүн гарна гэж үү, үгүй биз ээ. Үзэгчдийн дургүйцэл Хакүхог дахиад битгий түрүүл гэсэн сануулга юм болов уу. Тэгвэл тэгэхийн нь гартал дөч түрүүлээсэй билээ.

Д.НАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна