Алтан ургийн баатар хоньчин

2016 оны 3 сарын 30

...Малч ухааныг хүн амьдралаас л сурдаг. Би сургуульд суугаагүй ч мал хариулах сургуулийг олон жил хийсэн. Миний шавь нар хониныхоо хорголыг атгаад ирдэг юм. Хоргол нь үрчгэрдүү, дандаа хар өнгөтэй бол хонь чинь бэлчээрээсээ уйдсан байна, “нүү” гэдэг. Миний хэлснээр нүүсэн ч дуулддаг. Хоргол нь гөлгөр алаг байвал “суу” гэдэг. Өвс ногоо нь олон янз, сайн цадаж байгаа хонины хоргол сүүлчийнх шиг байдаг юм...

Энэ бол тэртээх 1977 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр “Залуучуудын үнэн” сонины 20 дугаарт хоньчин баатар Сономцэвээний Цогтгэрэлийн өгсөн ярилцлагын нэгээхэн хэсэг. Баатар хоньчинтой яруу найрагч Зундуйн Дорж  ярилцжээ. 39 жилийн тэртээх  яриа өнөөдөр ч  үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй хэн ч дахин хэлэхээргүй алтан сургаал болон үлджээ. Хонь гэдэг халуун хошуут буяныг хараад сонжих нь бүү хэл хорголоор нь таньдаг баатар хоньчин С.Цогтгэрэлийн тухай балчирхан насандаа  хүүхдийн сурах бичгээс  уншиж байсан юм. Гэхдээ түүний малчин хүний төрмөл ухааныг бүрэн таньсан нь үгүй. Түүний охин СТА Ц.Янжинцэрэнгийн “Сутай хайрхны суут хоньчин” дурсамж номоос хоньчин баатрын тухай илүү ихийг мэдэж авснаа уншигч тантай хуваалцахыг хүслээ. Алдарт хоньчин сэрүүн тунгалаг байсан бол өдгөө 101 насны сүүдэр зооглох байжээ.

С.Цогтгэрэл бол шагнал урамшуулал чанга байх үед төрийн бүхий л шагналыг гуйж бус гуядаж авсан нэгэн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Алтан гадас одон болоод Сүхбаатарын одонг гурвантаа авчээ. Мөн хоньчин хүнд олгож байгаагүй Төрийн шагналыг ч энгэртээ гялалзуулаад амжсан гавьяатан. Сутай омгийн хонь бий болгоход эрдэмтэдтэй хамтарсан зүтгэл хийгээд мал маллах ухааныг шавь сургалтаар олон хүнд өвлүүлсэн гавьяаг нь үнэлэн Төрийн шагнал хүртээжээ. Төрийн шагналт малчин ХХ зуунд дахин төрөөгүй, ХХI зуун гарсаар энэ эрхэм шагнал малчин хүнд очоогүй байгаа билээ. Үг бүр нь үнэтэй алдарт хоньчин ХААДС-д хичээл зааж, эрдэмтэн докторуудыг ч ичээж явжээ.  Та ямар улиралд дуртай вэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Элсээр шуурч байхдаа ч эх орон минь сайхаан” гэж хариулжээ. Үүнээс илүү үнэн, үүнээс илүү оновчтой хариулт байх уу.

Хавар цаг малд ч, малчинд ч хамгийн хатуу. Хаврын тарчиг хатууг өнтэй сайхан давах энгийн мэт боловч эгэлгүй чухал сургаалыг үлдээснээс энд дурдъя. “Төл мал тэнцэж босохдоо урд хоёр хөлөө нугалж мөлхдөг учир биеийнхээ илчинд хөлддөггүй юм шүү. Харин хойд хоёр хөл, чихний үзүүр, сүүлний уг хялбархан хөлдөх аюултай байдаг. Иймд чихний үзүүр, суга, цавь, нимгэн хэсгүүдийг нь хөх хомоолоор хаттал арчих хэрэгтэй. Зарим малчид энэ аргыг хэрэглэхийн оронд салхи шуурч, цас орсон өдрүүдэд төл малыг даарчихна гэж болгоомжлон гал түлсэн гэртээ оруулснаас төлийн халуун хүйтний солилцоо алдагдаж, эмзэг, тэсвэр хатуужилгүй болдог. Нялх төлд эхийн халуун уураг юунаас ч илүү үнэтэй” гэжээ. Олоод уншиж чадвал захын малчдад гарын авлага болохуйц энэхүү ном нь хэзээд үнэ цэнээ алдахгүй бүтээл болжээ.  

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, алдарт хоньчин Сономцэвээний Цогтгэрэлийн тухай өгүүлэхдээ орхигдуулж боломгүй нэгэн түүхийг энд өгүүлье. Ухамсарт амьдралаа социаолизмын үед өнгөрөөсөн алдарт малчин С.Цогтгэрэл Ховд аймгийн Дарви сумын уугуул. Тэрбээр тухайн цаг үед дурсах нь бүү хэл бодох ч хориотой байсан Эзэн Чингис хааны ураг удмын хүн байжээ. Сайн цаг иртэл таг чимээгүй явж ирсэн ч ураг удмаа хөөвөл яахын аргагүй Алтан урагт харъяалалтай гэдгийг Ц.Янжинцэрэн дурсамж номондоо шигтгэжээ. Өдгөө хүн бүхэн шахам Алтан ургаар овоглож, Хиад боржигон болон  хошуурч байгаа бол тэртээд түүхээ мөнхлөн үлдээсэн баатар хоньчин С.Цогтгэрэл Алтан ургийн сэжимтэй нэгэн байжээ. Цогтгэрэл баатрын өвөө Түдэннямын ах Аюурсэдданзанжамц бол Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууны дээд ноён хүн явжээ. Түүний ганц хүү Сүрэн гүн Эрдэнэ бэйсийн хошууны сүүлчийн ноён төдийгүй цаг эргээгүй бол хошууны ноёны албыг залгамжлан хаших хүн нь С.Цогтгэрэлийг хэмээн оноож байсан гэнэ. Сүрэн гүн Чингис хааны 31 дэх үеийн ач хүү байсныг түүхийн сурвалж гэрчилдэг аж.

Эргэх цагийн аяст их хаадын удам нь бүдгэрсэн ч унаган төрмөл ухаан нь малчны хотноос мандуулж байж дээ гэсэн бодол эрхгүй төрөх. Сургуульд ч сураагүй хэр нь гайхалтай онч мэргэн үгтэй, олон дуугарахгүй ч нэг дуугарахаа онцгой жинтэй сургаал айлддаг байсныг нь нутгийн олон мартаагүй. Мартагдах учиргүй гавьяатай болохоор Дарви сумын сургуулийг баатар хоньчин С.Цогтгэрэлийн нэрэмжит болгожээ. Ач үрс нь аавынхаа алдрын танхимыг сургуульд байгуулахаар шамдаж байгаа төдийгүй нутгийн сайхан сэтгэлт зон олон хоньчин баатрынхаа хөшөөг бүтээжээ. Дарви сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Баатар саяхан БНХАУ-ын Хэбэй мужийн хөшөө дурсгалын үйлдвэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хоньчин С.Цогтгэрэлийн хөшөөг бүтээлгээд иржээ. Хөшөөний нээлт ирэх дөрөвдүгээр сарын 12-ны өдөр төрөлх нутагт нь болно. Нутгаас төрсөн алдар гавьяатнуудаа олонд таниулах, эх түүхээ ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх эрхэм үйлст нутгийн зөвлөлийн санаачлан хийсэн ажил их хэмээн Дарви нутгийнхан ам сайтай байна лээ.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна