АНУ, Туркийн заримдаг харилцаа

2016 оны 3 сарын 30

 

АНУ, Туркийн хоорондох дипломат харилцаа эгзэгтэй үетэй тулгараад байна. Гэвч хоёр улсын аль алинд дипломат харилцаагаа хэвээр хадгалах нь туйлын чухал асуудал юм.

 

НАТО-гийн холбоотон энэ хоёр улс хоорондоо бараг харилцахаа больсноос харилцааны хямралд орсон гэхэд хилсдэхгүй.

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган энэ долоо хоногт АНУ-т хийх айлчлалыг “Харилцаагаа сэргээх боломж” гэж харж байгаа аж. Цөмийн аюулгүй байдлын талаарх дээд хэмжээний уулзалт ирэх баасан гаригт эхлэх боловч Эрдоган дээд хэмжээний уулзалтаас хоёр өдрийн өмнө очиж, бямба гаригт буцах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама турк холбоотноо Вашингтонд болох Цөмийн аюулгүй байдлын талаар дээд хэмжээний уулзалтад ирэх үед нь ганцаарчилж уулзахаас татгалзсан юм.

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Мэрилэнд мужид Туркийн дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдсан лалын сүмийн нээлтийн ёслолд урьсан боловч цаадах нь хүлээж аваагүй талаар Уолл Стрийт сэтгүүл мэдээлсэн байна.

 

Харин Режеп Таип Эрдоганыг Вашингтонд Барак Обамагийн оронд дэд ерөнхийлөгч Жое Байден хүлээн авч, нүүр тулсан уулзалт хийнэ гэж Цагаан ордны төлөөлөгч  мэдэгдсэн билээ. Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлснээр Барак Обама, Рэжеп Эрдоган нар 2015 оны арваннэгдүгээр сард Туркт болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ганцаарчлан уулзсан, мөн хоёрдугаар сард утсаар ярьсан учраас энэ удаа уулзах шаардлагагүй гэсэн бололтой.

 

 

Харин Туркийн ерөнхийлөгчийн айлчлалд хэдэн сарын өмнөөс бэлтгэсэн  хэвлэлийн алба Барак Обама Ерөнхийлөгчийн урилгыг хүлээж авахаас татгалзсан талаар ямар ч мэдээлэл байхгүй хэмээн мэдэгдсэн юм.  Барак Обама Туркийг АНУ-ын хамгийн ойрын холбоотон хэмээн нэрлэж байсан нь саяхан. 2013 оны тавдугаар сард тухайн үед Туркийн ерөнхий сайд байсан Режеп Таип Эрдоган гэр бүлийнхээ хамт АНУ-д айлчлах үед Барак Обама түүнийг оройн зоогт урьж, дээд зэргээр хүлээн авч байлаа. Тэр бол Режеп Таип Эрдоган Курдын босогчидтой энхийн хэлэлцээр байгуулснаа зарлаж, АНУ, Туркийн эдийн засгийн харилцаа өргөжиж байгааг тэмдэглэж байсан үе.

 

Гэвч тэр жил Истанбулын Гези цэцэрлэгт хүрээлэнд гарсан эсэргүүцэгчдийн жагсаалыг цагдаа нар хүчээр тараасан нь Анкара, Вашингтоны харилцаанд сэв суулгасан юм. Жагсаалыг хожим АНУ-д дүрвэн гарсан Фетулла Гуленыг дэмжигчид зохион байгуулсан нь Анкарагийн эрх баригчдын дургүйг хүргэсэн. Харин Цагаан ордон Туркийн цагдаа нарын түрэмгийллийг эрс буруушаасан байдаг. Дараа нь 2013 оны арванхоёрдугаар сард Режеп Эрдоган болон түүний гэр бүл, ойр дотныхон холбогдсон хээл хахуулийн хэргийг илчилсэн хэдэн арван хүнийг баривчилсан юм.

 

Сүүлд Туркийн цэргүүд Курдын зэвсэгт босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, цаашлаад Ирак, Сири дэх Курдын босогчдын байрлаж буй нутаг дэвсгэрт цохилт өгсөн нь АНУ, Туркийн харилцааг улам хурцатгасан.

 

Туркт Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганы засгийн газрыг шүүмжилсэн хэвлэл мэдээллийг хааж, хавчин шахаж эхэлснээр Турк хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг боомилсон улс гэдэг шүүмжлэлд өртсөн. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байден Туркт айлчлахдаа сэтгүүлчидтэй уулзсан нь Туркийн удирдагч болон холбоотнуудад нь таалагдаагүй.

 

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганы ахлах зөвлөх мэдэгдэл хийхдээ “Олон улсын улс төрийн асуудлыг хэлэлцэхэд Туркт Вашингтоны зөвлөгөө хэрэгтэй. Энэ бол ах нь дүүдээ сургадагтай адил зүйл” гэсэн билээ.  Хэдийгээр АНУ, Туркийн харилцаа ээдрээтэй байгаа ч хоёр улс Сири, Иракт лалын жихадистууд болон ИУ бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад гол холбоотон хэвээр байгаа билээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна