Барилгынхан даатгалтай болно

2016 оны 3 сарын 30

Өнгөрөгч даваа гаригт Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барилга дээрээс кран унаснаас туслах ажилтны амь насыг хохироосон хэрэг хамгийн сүүлд гарчээ. Тэгвэл зөвхөн барилгын ослоор л гэхэд өнгөрсөн жил 13 хүн амиа алджээ.

Хотын гудамжаар алхаж явахад нь барилга дээрээс юм унаж амиа алдсан тохиолдол ч энэ дунд цөөнгүй бий. Тиймээс Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа хэд хэдэн асуудлыг нэмж, хариуцлага, торгуулийн хэмжээг нэмжээ.

 Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн сард баталсан. Энд орсон гол заалтын нэг нь  барилгын салбарынхныг даатгалд хамруулдаг болохоор хуульчилжээ. Шинэчилсэн найруулгад зааснаар барилгын гүйцэтгэгч нь барилгын ажилчдаа амь насны даатгалд хамруулахаар заасан байна. Мөн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд даатгалын асуудлыг тусгахаар хуульчилжээ. Тухайлбал, барилгын ажлын явцад осол гарч, энгийн иргэний амь нас, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулах юм байна.

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан томоохон зүйл нь даатгалын асуудал гэдгийг албаныхан онцоллоо.Тэгвэл дараагийн нэгэн өөрчлөлт нь аливаа осол, зөрчилд тавих хяналтыг чангатгажээ. Жишээ нь өмнөх хуулиар хөдөлмөрийн аюулгүй байдал мөрдөөгүй иргэнийг 250-500 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 1-2 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг байжээ. Гэтэл бүхэл бүтэн барилга, орон сууц барьсан аж ахуйн нэгжид энэ нь үүргээ ухамсарлах хэмжээний торгууль болж чаддаггүй байжээ. Харин шинэчилсэн найруулгаар торгуулийн хэмжээг доод тал нь хоёр сая болгосон байна.

Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй байдлаа мөрдөөгүйгээс гуравдагч этгээдийн бие махбодь, эд хөрөнгөнд хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгохоор хуульчилжээ. Энэ мэтчилэн зураг төсөлгүйгээр барилгын ажил эхэлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал мөрдөөгүй, тусгай зөвшөөрөл аваагүй зэрэг томоохон зөрчлийн торгуулийн хэмжээг нэмсэн байна. Эдгээр тохиолдлуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-25 дахин нэмсэнтэй тэнцэх мөнгөөр торгодог болж байгаа аж.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна