Монголын ёс заншил илүү сайхан санагдлаа

2016 оны 3 сарын 30

“Мисс Монголиа Консалтинг” Төрийн бус байгууллагаас ирэх есдүгээр сард Улаанбаатарт “Face of beauty international-2016” тэмцээнийг зохион байгуулах болсон талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэхүү тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар "Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл болон Унгар, Танго улсын миссүүд манай улсад хүрэлцэн ирээд байна.

Ингээд “Face of beauty international-2013” тэмцээний титмийн эзэн, Тонга улсын мисс Даймонд Лангитай ярилцсанаа танд хүргэж байна.

-Юуны өмнө манай улсад ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би Монгол улсад өнгөрсөн ням гаригт ирсэн. Энд ирэхэд бараг 30 цагийн нислэгийг хийсэн. Би Улаанбаатарт удаагүй байгаа ч гэлээ олон хүмүүстэй танилцаж, арга хэмжээнд оролцож байна. “Face of beauty international-2016” тэмцээнийг Монголд зохион байгуулах хорооноос энэхүү хэвлэлийн хурал, загварын шоунд оролцох урилга аваад их баярласан. Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Монгол Улсын соёл, түүхийг гайхаад баршгүй юм. Яагаад гэхээр нисэх онгоцны буудал дээр буугаад аягатай сүү, хадагтай угтсан. Надад анхнаасаа нэг л сайхан санагдаж билээ. Хэдийгээр би Улаанбаатарт болох хэвлэлийн хурал болон загварын шоунд уригдах болсон ч гэлээ бэлтгэлтэй биш байлаа. Гэхдээ энд ирээд бүх зүйл өөр байгааг мэдэрсэн. Үндэсний уламжлал, хүндэтгэлийн байдал надад маш сайхан санагдаж байна.

-Монголын талаар өмнө нь ямар төсөөлөлтэй байсан бэ?

-Би 2014 онд Япон улсад болсон “Miss International” тэмцээнд оролцсон. Тэр үед Монголын оролцогч А.Баярцэцэгтэй илүү ойр дотно танилцсан. Тэр тэмцээнд Баяраа үндэснийхээ ардын бүжгийг бүжиглэж байсан. Энэ нь надад маш сонирхолтой санагдаж байсан. Яагаад гэхээр би бүжиглэх, дуулах дуртай. Тэгээд энэ сонирхолдоо хөтлөгдөөд бусад улс үндэстний бүжгийг их сонирхдог. Монголын бүжиг нэг л өөр санагддаг. Бас үндэсний уламжлалт хувцас нь илүү таалагдсан. Тиймээс надад урлаг талаас нь илүү ойр санагдсан байх. Одоо байх хугацаандаа илүү их зүйлийг мэдэж, сурна гэдэгт итгэлтэй байна. Үнэндээ надад Монголын ёс заншил төсөөлж байснаас илүү сайхан санагдлаа.

Олон улсын оюун ухааны музейгээр/"Oyun Uhaanii Muzei"/ зочиллоо. Монгол оньсон наадгай, уламжлалт өв соёлыг харлаа. Бид тэнд маш сонирхолтой зүйл үзэж, бишэрсэн шүү. Мөн хүүхдүүд оньсон тоглоомоор тоглох, илбэ гээд сонирхолтой зүйлийг үзүүллээ. Би монголчууд оюун ухааны тэмцээнд маш хүчтэй өрсөлдөгч гэдгийг сонсож байсан. Тэр үзмэрийг үзээд бүр их мэдэрлээ. Үнэхээр оюунлаг ард түмэн юмаа. Буцах болоогүй учир цааш илүү их зүйлийг үзнэ гэж итгэж байна.

-Таны хувьд яагаад загвар өмсөгч болохоор шийдсэн бэ?

-Аав маань амьд хөгжмийн хамтлагтай байсан. Би бага байхын аавыгаа дагаад тоглолтод нь оролцож, бүжиглэдэг байсан. Урлагийн гэр бүлд өссөн болоод ч тэрүү надад бүжиг, хөгжмийн чиглэлээр суралцах нь илүү сонирхолтой санагдсан. Тайзан дээр бага байхын гарч эхэлсэн болохоор өөрийгөө бусдад нээж чадах боломж бусдаас илүү байсан байх. Тэгээд улсын миссийн тэмцээнд оролцож түрүүлснээр олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон. Залуу хүний хувьд өөрийгөө нээж үзье гэж үзээд загвар өмсөгч болсон. Мэдээж үүнд миний аавын ач тус их бий. Тонга бүсгүйчүүд их урт үстэй байдаг. Үндэсний бүжиг бүжиглэхэд урт үстэй эмэгтэйчүүд сайхан харагддаг.

-Таны хувьд “Face of beauty international-2013” тэмцээний титмийн эзэн. Эргээд та тухайн үеийн агшнаас дурсахгүй юу?

-Гурван жилийн өмнө Тайландад болсон тэмцээн үнэхээр гайхалтай байсан. Дэлхийн 70 гаруй орны үзэсгэлэн гоо бүсгүйчүүд хүрэлцэн ирсэн. Миний хувьд титмийн эзэн болсон нь гэнэтийн зүйл байсан. Үнэхээр тэр үед олон зүйл бодогдож байлаа. Тэр үед аав, ээжийгээ баярлуулах нь чухал байлаа. Тэд маань тэмцээнийг  ирж үзэж чадаагүй. Дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдээс нэр маань дуудагдах тэр агшин бол үнэхээр гайхалтай байсан. Тэр тэмцээнд оролцсон Монголын мисс Г.Билгүүн хүчтэй өрсөлдөгчийн нэг байсныг санаж байна. 

-Монголд ирээд цөөн хонож байгаа ч олон арга хэмжээнд оролцож байна. Таны сэтгэлд хүрсэн зүйл юу байна вэ?

-Би энд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Өнгөрсөн онд “Miss Earth” тэмцээнд Монголын оролцогч А.Баярцэцэг үнэхээр хүчтэй өрсөлдөгч байж шилдэг 16-д үлдсэн шүү дээ. Бид 2014 онд “Miss International” тэмцээнд хамт оролцож байсан болохоор сайхан дурсамж бидэнд үлдсэн. Гэтэл өнөөдөр Баяраа маань “Face of beauty international-2016” тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гээд их ажлыг амжуулж явна. Надад яагаад ч юм түүгээр бахархмаар санагдлаа. Бидэнд өдөр тутмын үйл ажиллагаа, арга хэмжэг танилцуулсан. Ирсэний дараа маргааш нь/даваа гариг/ Олон улсын оюун ухааны музейгээр/"Oyun Uhaanii Muzei"/ зочиллоо. Монгол оньсон наадгай, уламжлалт өв соёлыг харлаа. Бид тэнд маш сонирхолтой зүйл үзэж, бишэрсэн шүү. Мөн хүүхдүүд оньсон тоглоомоор тоглох, илбэ гээд сонирхолтой зүйлийг үзүүллээ. Би монголчууд оюун ухааны тэмцээнд маш хүчтэй өрсөлдөгч гэдгийг сонсож байсан. Тэр үзмэрийг үзээд бүр их мэдэрлээ. Үнэхээр оюунлаг ард түмэн юмаа. Буцах болоогүй учир цааш илүү их зүйлийг үзнэ гэж итгэж байна.

-Ирээдүйн зорилго?

-Тонга улс хөгжингүй орон биш. Тийм учраас шашны ёс, жаягийг дээдэлдэг, эрхэмлэж, бүсгүйчүүдийг хүндэтгэдэг. Миний үүрэг бол улсын нүүр царай болж яваа учраас энэхүү нэр хүндийг өндөрт өргөхийг хичээдэг. Би урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн болохоор тэрүү эх орноо дэлхийн дахинд сурталчлах миний үүрэг болоод байна. Мөн хөгжим, жүжигчний карьеараа өсгөх бодол байдаг. Жилээс жилд олон оронд очиж, шинэ зүйлүүдтэй танилцаж, суралцаж байгаа болохоор эх орондоо аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна.

Гэрэл зургийг Б.Энхгэрэл

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна