Т.Санчир оноо авалтаар хоёрт бичигджээ

2016 оны 3 сарын 30

-Үндэсний супер лигийн статистик бүх үзүүлэлтийг легионер тоглогч нар тэргүүлсэн бол Т.Санчир оноо авалтад хоёрдугаар байрт бичигджээ-

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын тоглолтын плэй-оффт зургаан баг үлдлээ. Энэ жилийн супер лигт нийт найман баг өрсөлдсөнөөс залуучуудын шигшээ багийн тоглогчдоор багийнхаа “цөм”-ийг бүрдүүлсэн “Архангай Лидер”, өнгөрсөн улирлын MVP Д.Мөнхтүвшин, шилдэг төвийн тоглогч С.Өрнүүнбилэг нараар удирдуулсан “Их Өргөө Аравтууд” плей-оффт шалгарч чадаагүй юм.

Үндэсний супер лигийн самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт, онооны лидерүүдийн статистик дүн гарахад легионер тоглогч нар бүх үзүүлэлтийг тэргүүлсэн. Монголын тамирчдаас Т.Санчир/Ирвэс/ оноо авалтад 30.2 үзүүлэлтээр хоёрдугаар байрт бичигдсэн бол Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин 5-6-р байрт жагсжээ. Мөн самбараас бөмбөг авалтанд Э.Дөлгөөн /Лидер/ V, С.Өрнүүнбилэг /Аравтууд/, Э.Цэрэнбаатар /Смарт/, П.Болортулга /Харцага/ 8-10 байр, бөмбөг таслалтанд Б.Билгүүн, Б.Батзолбоо/Лидер/ 4-5 байрт бичигдсэн байна.

Ийнхүү олон сарын турш үргэлжилсэн Үндэсний супер лигт найман баг өрсөлдсөнөөс плэй-оффт зургаан баг үлдлээ. Тэднээс “Төв аймаг Төв ургац”, “Баянгол Синтоза ирвэс” багууд 1, 2-р байраар шалгарсан. Эдгээр багуудтай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө дараах багууд баасанд шийдвэрлэх тоглолтыг хийнэ.

Баасан /04,01/ -Спортын төв ордон

18:00 цаг: “SBL Хасын Хүлэгүүд” VS “Дархан Гарьд”
20:00 цаг: “Альянс Тех Харцага” VS “Дундговь Мон-Алтиус Смарт”

Хожсон нь цааш медалийн төлөө тоглох эрхийг авч хожигдсон нь улирлын тоглолтоо дуусгах юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна