Ц.Цолмон сайд Хууль сахиулах сургуулийн багш нарт бодлогын баримт бичгээ танилцууллаа

2016 оны 3 сарын 30

 

УИХ-аар 2015 онд шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэлийг Батлан хамгаалах яамны салбар нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудад танилцуулах ажил тодорхой баталсан хөтөлбөрийн дагуу явагдаж байна. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалаахын сайд Ц.Цолмон болон бусад холбогдох ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн дагуу энэ уулзалт, ярилцлагыг хөтлөн явуулж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ сарын туршид Улаанбаатар цэргийн хүрээний ангиуд, БХИС, Налайх дүүрэг дэх цэргийн хүрээний ангиудад өөрийн биеэр очиж алба хаагчидтайгаа уулзаж танилцуулсан бол энэ удаа Хууль сахиулах их сургуулийн эрдэмтэн багш нарын хүсэлтээр бодлогын баримт бичигт орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Энэхүү уулзалт ярилцлага ажил хэрэгч болсон бөгөөд эрдэмтэн багш нарын зүгээс батлан хамгаалах салбарын тогтолцооны тухай өөрсдийн саналаа хэлж, сургуулийнхаа оюутнуудыг "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулах хүсэлтэй байдгаа илэрхийлэхээс эхлээд энхийг сахиулах ажиллагааны талаар сонирхож байлаа. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол Улсын батлан хамгаалах бодлого, монголчуудын эх оронч үзэл, хүмүүжил, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа гэсэн сэдвээр мэдээлэл өгсөн юм. Уулзалтын эхэнд тэрээр "Хууль сахиулах их сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачид та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Батлан хамгаалах бодлогын баримт бичигт орсон өөрчлөлтийг сонирхож, мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнд талархаж байна. Танай сургууль Хууль зүйн яамны харъяа байдаг ч гэсэн Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хувьд энэхүү бодлогын баримт бичигт орсон өөрчлөлт, баримталж буй бодлогыг сонирхож байгаа нь сайн хэрэг" хэмээн тодотгосон.

 

 

Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт цар хүрээний хувьд батлан хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ тэдгээрийг хэрэгжүүлэх нэгдмэл удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын өргөн цар хүрээтэй цогц үйл ажиллагаа болохыг тодорхойлсон. Зарчмын хувьд нийт иргэдээ эх орноо батлан хамгаалах журамт үүргээ биелүүлэх нөхцлөөр хангах, батлан хамгаалах бодлого, арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллага, засаг захиргааны нэгжийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зарчмыг орууллаа" хэмээн онцолсон. Мөн Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр тусгасан. Цэргийн байгууллагууд цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, цэргийн алба хаагчийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ нь цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байх агуулгыг багтааж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчин нь Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг гэсэн төрлийн цэргээс бүрдэж байна. Олон улсын нийтлэг жишгийг харгалзан нэр томьёоны хувьд өөрчлөн Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэхээр баримт бичигт тусгасан. Түүнээс гадна бодлогын баримт бичигт батлан хамгаалах тогтолцоо Зэвсэгт хүчин, Дайчилгаа, Орон нутгийн хамгаалалт гэсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Орон нутгийн хамгаалалтыг цөөн үгээр тодорхойлбол бүх нийтээр улс орноо батлан хамгаалах тухай юм. Засаг захиргаа, бүтцийн хүрээнд зохицуулах боломжтой энэ асуудлыг бид тусгайлсан хууль болгох шаардлагатай байгаа учраас мэргэжилтэн, судлаачдын баг хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байна. Бодлогын баримт бичгийг үндэслээд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Та бидэнд хүлээлэлттэй байгаа эдгээр хуулийн төслийг УИХ удахгүй нээгдэх чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлана гэдэгт итгэн найдаж байна. Мэдээж энэ багц хуулиудад бүтцийн болон агуулгын томоохон өөрчлөлтүүд орж байгаа. Тухайлбал, бодлогын баримт бичигт туссан үзэл санааг хуульчлах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход нилээд анхаарал хандуулсан. Мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг агуулгаар нь хоёр хувааж Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болгон шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэх мэт ихээхэн өөрчлөлтүүдийг оруулж байна" хэмээн онцлов. Тэрээр цаашид батлан хамгаалах салбар дахь бүтээн байгуулалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярьсан. Харин уулзалтын төгсгөлд Хууль сахиулах их сургуулийн эрдэмтэн багш нар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос асуух асуулт ихтэй байв.

 

 

Тухайлбал, Цагдаагийн их сургуулийн багш "Төрийн цэргийн байгууллагад Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагууд орно гэж та хэллээ. Дотоодын цэрэг нь одоогоор байхгүй байна. Яагаад дотоодын цэргийг оруулсан юм бол. Нөгөө талаас НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд манай сургуульд тодорхой квот олгож хамтран оролцуулах боломжтой юу" гэв. Үүнд Ц.Цолмон сайд "Дотоодын цэргээ эргэн сэргээх шаардлага байгаа учраас оруулсан гэж үзэж болно. Холбогдох албаныхан, эрдэмтэн судлаачид ч гэсэн өөрсдөө эргэн байгуулах ёстой гэдгийг хууль тогтоогчдод хэлж байсан. Удахгүй энэхүү баримт бичгийн дагуу эргэн байгуулах байх гэж харж байна. Харин "Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухайд, танай салбарт тодорхой квот олгох асуудлыг Засгийн газрын хэмжээнд шийдэх учиртай. Ер нь НҮБ-ын мандатад цагдаагийн хамгаалалт гэж байдаг юм билээ. Гэхдээ харьцангуй хүнд, эрсдэл өндөртэй гэж ойлгосон. Манай энхийг сахиулагч цэргүүд хэв журам сахиулахаас илүүтэй дайтагч талуудаас иргэдийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байна. Тэгэхээр цагдаа оролцохоор болвол үймээн самууныг зогсоох гээд улам эрсдэлтэй нөхцөлд ажиллаж таарна" зэрэг дэлгэрэнгүй хариулт өгөв. Өөр нэг алба хаагч "Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэг алба хаагч гэхэд 6 удаа явсан гэж хэвлэлээр гарсан байсан. Үүний оронд манай сургуулийн эсвэл цагдаагийн албанаас оролцуулж болдоггүй юм уу" гэсэн асуулт тавьж байсан юм.