Гишүүдийн ирц 17.1 хувьтай байна

2016 оны 3 сарын 30

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр нээн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Гэвч одоогоор ээлжит бус чуулганыг нээх боломжгүй, ирц дөнгөж 17.1 хувьтай байгаа юм.

Ирцийн мэдээг УИХ-ын дарга З.Энхболд фейж хуудсаараа дамжуулж, УИХ-ын гишүүдийг танхимд ирэхийг санууллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаад цөмийн болон цацраг идэвхит хог хаягдлыг монгол руу импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газрыг өргөн мэдүүлэх ёстой гэсэн чиглэл өгч, үүний дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаа мэдэгдсэн. Уг ээлжит бус чуулганыг зарлахад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг орж ирж суухгүй бол Монголд цөмийн хог хаягдал булшлахыг сөрөг хүчин дэмжиж байна гэж үзнэ гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сануулсан юм. Олонхын бүлэг нь нийт 36 гишүүнтэйгээс 5 нь гадаад, нэг гишүүн орон нутагт ажиллаж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлэг нь 26 гишүүнтэйгээс 8 нь гадаадад ажиллаж байгаа аж.

Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдийн хувьд ихэнх нь Улаанбаатар хотод байна. Гэхдээ тус эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү бүлгийнхээ гишүүдэд хандан, ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдалтай холбогдох хуулийн төсөл, мөн конвенцийг дэмжихгүй байхыг уриалсан юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна