ДЭМБ Эбола өвчнийг ялсныг зарлав

2016 оны 3 сарын 30

 

Баруун Африкийн хэд хэдэн оронд тархаж олон мянган хүний амийг авсан Эбола вирусын халдварт өвчнийг ялсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ зарлалаа. ДЭМБ Эбола вирусын халдварын улмаас 2014 оны наймдугаар сард олон улсад онц байдал зарласнаа мягмар гаригт /III.29/ цуцалсан байна. Эбола вирусын халдвар тархалтыг ерөнхийд нь зогсоосон бөгөөд өвчлөл бүртгэгдсэн сүүлчийн ганц оронд хорио цээр тогтоогоод байгаа аж.

 

Эбола вирусын халдвар 2013 оны арванхоёрдугаар сард Гвинейн бөглүү тосгонд гарснаар богино хугацаанд хөрш Либери, Сьерра-Леоне, Мали улсад тархсан юм. Хүний биеийн бүх шингэнээр дамжин халддаг үхлийн аюулт Эбола вирусын улмаас 11300 хүн амиа алдсан билээ. Өдгөө Гвинейд Эбола вирусын халдвар авсан байх магадлалтай 1000 орчим хүнийг тусгаарласан байгаа аж.

 

Эбола вирусын халдвар тархалтын эхэн үед ДЭМБ яаралтай хариу арга хэмжээг түргэн хугацаанд аваагүй хэмээн шүүмжлэл хүлээж байв.  Үүний дараа Латин Америк, Карибын орнуудад тархаад буй тархины саажилт болон ургийн тархины хөгжлийг зогсоодог Зика вирусын эсрэг ДЭМБ түргэн хугацаанд олон улсад онц байдал зарлан, заавар зөвлөмж гаргаж, судалгаа шинжилгээг явуулж байна.'

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна