Бразилын эрх баригч эвсэл задарлаа

2016 оны 3 сарын 30

 

Бразилын Ерөнхийлөгч Дилма Русеф өөрт нь Конгресс итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг эсэргүүцсэнээр тус улсын хамгийн том нам эрх баригч эвслээс гарч, сөрөг хүчин боллоо.

 

Бразилын хамгийн хамгийн том Ардчилсан хөдөлгөөн нам саяхан намын хурлаар Дилма Русефийн зүүний чиг баримтлалтай Хөдөлмөрчдийн намтай байгуулсан эвслээс нэр даруй гарах шийдвэр гаргасан байна.

 

Тус намын дэд ерөнхийлөгч мэдэгдэлдээ “Ардчилсан хөдөлгөөн намын түүхт хурлын шийдвэрээр бид өнөөдөр Ерөнхийлөгч Дилма Русефийн эвслийн засгийн газраас гарч байна” гэжээ.

 

Бразилын хамгийн том намын хурлыг тус улсын үндэсний телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Санал хураалт ердөө хэдхэн минут үргэлжилж,  тус намын гишүүд эвслээс гарах шийдвэр гарахад төрийн дууллаа дуулж эхэлцгээжээ.  Бразилын Ардчилсан хөдөлгөөн нам эвслээс гарснаар Дилма Русеф түүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураахад Конгрессын доод танхимын гишүүдийн саналын гуравны нэг хувийг алдаж байгаа гэсэн үг юм.

 

Бразилын Ерөнхийлөгч Дилма Русеф Вашингтонд энэ долоо хоногийн сүүлээр болох Цөмийн аюулгүй байдлын талаарх олон улсын дээд хэмжээний чуулганд оролцохоор төлөвлөж байсан ч улс төрийн нөхцөл байдлаас болж айлчлалаа цуцалсан байна.

 

Хэрэв Дилма Русеф доод танхимын гишүүдийн саналыг авч чадахгүй бол Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёр хувь нь түүнийг суудлаас нь огцруулж чадах билээ.  Ардчилсан хөдөлгөөн нам эвслээс гарсан ч тус намын тэргүүн Мишел Темер дэд ерөнхийлөгч хэвээр үлдэх бөгөөд хэрэв Дилма Русеф огцорвол түүнийг ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгчээр томилох юм.

 

Ардчилсан хөдөлгөөн намын нөлөө бүхий гишүүд Дилма Русефт одоо албан тушаалд суухад хэдхэн долоо хоног үлдсэн гэжээ. Харин  Дилма Русефийг огцорсны дараа Ардчилсан хөдөлгөөн нам засгийн эрхэнд гарахаар төлөвлөж байгаа юм байна.

 

Бразилын эрх баригч эвсэл задарсныг улс төрийн ажиглагчид Дилма Русефийн улс төрийн карьерын хувьд төгсгөл гэж ярьж байгаа гэнэ.

 

Дилма Русефийг ерөнхийлөгчөөр улиран сонгогдохдоо нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлэх гэж хууль бус мөнгө зээлсэн,  эдийн засаг хүнд байдалд байгааг сонгогчдоос нуусан учраас итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураах тухай яриа гарсан юм.

 

Ерөнхийлөгч Дилма Русефийг тойрсон олон тэрбум ам.долларын хээл хахуулийн хэрэгтэй холбоотой шинэ баримтууд гарч ирснээс Бразилын өмгөөлөгчдийн холбоо түүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураахыг дахин шаардсан юм.

 

Улс төрийн хүрээнд Дилма Русефийн нэр хүнд унах болсон бас нэг шалтгаан нь мөн л хээл хахуулийн хэрэгт холбогдсон тус улсын экс ерөнхиийлөгч Луис Инасио Лула да Силваг ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүнээр томилсонтой холбоотой. Бразилын дээд шүүх Дилма Русефийн энэ томилгоонд хориг тавьсан бөгөөд түүнийг сэжигтнийг хэргээс хаацайлахыг оролдсон гэж буруутгаж байгаа юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна