Мьянмарт хөл хорио цуцлав

2016 оны 3 сарын 30

 

Мьянмарын Засгийн газар Ракхайн мужид дөрвөн жил шахуу үргэлжилсэн хөл хориог цуцлах шийдвэр гаргажээ. Буддистууд болон лалын шашинт цөөнх рохинжачуудын хоорондох мөргөлдөөний улмаас 200 гаруй хүн амиа алдсан юм.

 

Мьянмарын Засгийн газар тус мужид цаашид шөнийн цагаар хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн тул Ерөнхийлөгч Тейн Сейн даваа гаригт цуцалсан байна.

 

2012 онд дээрх мужид шашны туйлшрагчдын хооронд цуст мөргөлдөөн гарсны дараа 100,000 орчим оршин суугчийг нүүлгэж, хөл хорио тогтоосон ажээ.

 

Ракхайн мужид Мьянмарын лалын шашинт цөөнх болох Рохинжа хүмүүс туйлын ядуу зүдүү амьдардаг.  Гэвч ядуу зүдүү байдлаас илүү Буддын шашинтнууд төдийгүй Засгийн газрын хавчлага, дарамт тэдний амьдралыг улам хэцүү болгодог байна. Хэдийгээр Рохинжа хүмүүс хэдэн үеэрээ Мьянмарт амьдарсан хэмээн ярьдаг боловч тус  улсын засгийн газар тэднийг харьяат иргэд гэж үздэггүй, хөрш Бангладешаас очсон цагаачид гэж алагчилдаг гэнэ.

 

Бенгал хэлээр ярьдаг тэдгээр иргэнийг Мьянмарын Буддистууд тус улсад хууль бусаар орж ирсэн гэж итгэдэг бөгөөд Бенгалчууд гэж нэрлэдэг байна.

 

Тус мужийн парламентын доод танхимын нэгэн гишүүн хөл хориог цуцалсныг таашаахгүй байгаа бөгөөд “Би энэ талаар сониноос олж уншсан. Гэхдээ би үүнийг ухаалаг шийдвэр гэж бодохгүй байна. Тэнд олон Бенгалчууд байдагт гол нь биш. Би зүгээр л тэдний талаар яримааргүй байна” гэсэн юм.

 

Ракхайн мужийн хөл хориог цуцалсан нь Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейний сүүлчийн шийдвэр юм. Учир нь тэрбээр ирэх долоо хоногт Ан Сан Су Чигийн намын шинэ засгийн газарт эрх мэдлээ шилжүүлэн өгнө.

 

Мьянмарын Ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи Рохинжа иргэдийг тус улсын иргэдийн адил тэгш эрхтэй гэж тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна