Олон нийтийн хүсэлтийг нухацтай хэлэлцэнэ

2016 оны 3 сарын 30

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн. МАН-ын бүлгийн гишүүд хуралд суухгүй байгаагаас ирц бүрдэхгүй иймээс ээлжит бусыг нээх боломжгүй болоод байна гэж АН-ын бүлгийн дарга дөнгөж сая мэдээлэл хийсэн. Энэ асуудалд байр сууриа илэрхийлэхээр МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ.

“МАН-ын зүгээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулсантай холбоотойгоор байр сууриа илэрхийлээгүй байсан. МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдлаа.  Манай намыг  бойкот хийлээ гэх мэдээллийг АН-ын бүлгийн дарга хийж байгаа нь тун харамсалтай. МАН, АН-аасаа хамааралгүйгээр энэхүү асуудлыг үндсэн чуулганаар нухацтай хэлэлцэх ёстой. МАН дангаараа бойкот хийгээгүй. Засгийн газар нь хуралдаад Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг өргөн барьсан байна. Энэхүү хуулийг аваад үзэхэд нүглийн нүдийг гурилаар хуурах гээд байна. Би баримттай ярья. Учир нь Үндсэн хуулийн 10.2-т Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахина, мөн 10.3-т олон улсын гэрээ конвенцийг соёрхон баталсан нэгдэн орсон хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хуулийн нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Мөн олон улсын гэрээний тухай хуулийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл өчигдрийн өргөн барьсан хууль нь олон улсын гэрээний дээгүүр үйлчлэх эрхгүй хууль юм. Хэрэв Монгол Улсад цөмийн хаягдлыг хаяхгүй байх тухай заах юм бол өнөөдрийн өргөн барьсан хууль Олон улсын гэрээний хуулиас давж үйлчлэхгүй гэсэн үг юм.  МАН-ын бүлгийн гишүүд олон нийтийн байгууллага, ард иргэдийн хүсэлтийг нухацтай хэлэлцье тэгээд хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

МАН-ын гишүүд цөмийн хаягдал, ашигласан түлж, цацраг идэвхт бодисыг монгол булшилна гэж зүтгээд үзээд байгаа зүйл байхгүй гэдгийг албан ёсоор илэрхийлж байна. Нэгэнт үүссэн нөхцөл байдал дээр үнэлэлт дүгнэлт өгч хэлэхийг хүсч байхад яаруулаад байгаа нь хардлага төрүүлж байна” гэлээ.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна