Ухаалаг гар утасны хэрэглээг хориглолоо

2016 оны 3 сарын 30

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж /tab/ ийг хэрэглэхийг хориглох тухай тогтоол гарчээ. Өөрөөр хэлбэл, сурагчид сургуулийнхаа орчинд ухаалаг гар утас, ай падыг огт авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болох зохицуулалтыг хийсэн байна. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн гар утсыг хэрэглээнд нэвтрүүлэх юм. Тус дүүрэгт ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24 мянга 783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас /мэдрэгчтэй/ хэрэглэдэг нь тогтоогджээ. Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртэлх хувь, дунд ангийн сурагчдын 60 хүртэлх хувь, ахлах ангийн сурагчдын 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утас аж. Гар утасны хэрэглээнд донтсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл  мэндийн Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 213 онд 38 хүүхэд үзүүлснээс 18 нь хэвтэн эмчлүүлсэн бол 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн, 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 23 хүүхэд тус газар үзүүлж зөвлөгөө мэдээлэл авсны 18 нь хэвтэн эмчлүүлсэн байх юм. Мөн нүдний хараа муудах, нүдний эвэрлэгийн үрэвслээр өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсныг эмч нар тодотгосон юм. 2015 онд дүүргийн Эрүүл мэндийн Нэгдлийн нүдний эмчид 15 мянга 329 хүүхэд үйлчлүүлсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 5001 хүүхэд буюу нийт сурагчдын 27 хувь  эмчид ханджээ.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна