Х.Баттулга нарыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Х.Баттулга нарыг шүүмжлэв

Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, мэдэгдэл гаргалаа. Тэд сүүлийн өдрүүдэд МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар тус холбооны гишүүд хоёр хуваагдаж, талцах болсонд харамсаж буйгаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалтыг үндэслэн асуудалд хүлээцтэй хандахыг анхлагчид уриалав. Ардчилсан хувьсгалын манлайд явсан хүмүүс ийнхүү хоёр талцаж, сарнин бутрах нь ардчиллыг үгүйсгэсэн эсрэг талын нөхдөд том боломж гарч ирэх аюултай аж. Нөгөө талдаа 25 жилийн өмнө байгуулсан хувьсгалаа баллуурдан хаях эрсдэлтэй болсныг ч ахмадууд санууллаа.

МоАХ-ны онц их хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 15-ний дотор яаралтай хийж, холбооныхоо дүрэм, журам цаашдын үйл ажиллагааны зорилтоо бүгдээрээ хэлэлцэж, нэг саналтайгаар батлах шаардлагатайг Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөлөөс мэдэгдлээ. Мөн тэд Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн улс төрийн намуудад итгэж, ардчиллын “хоточ нохой” байх үүргээ орхигдуулах болсон гэж  МоАХ-ны удирдах зөвлөл болон дарга Х.Баттулга нарыг шүүмжилсэн юм.

Засаглалын хямрал нүүрлэсэн энэ үед Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл төрийн бодлого, ард түмнээ бодсон улс төрийн намуудтай болох нь хамгийн зөв гарц гэж ахмад партизанууд үзжээ.Мөн эдийн засаг, төрийн хямралтай ийм үед МоАХ-ын гишүүд даацтай дуугарч, хөдлөх ёстойг ч ярьсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж