МоАХ хувийн өмч биш байлтай

2016 оны 3 сарын 30

-МоАХ-ны онц их хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 15-ний дотор яаралтай хийж, холбооныхоо дүрэм, журам цаашдын үйл ажиллагааны зорилтоо бүгдээрээ хэлэлцэж, нэг саналтайгаар батлах шаардлагатайг Ардчилсан хувьсгалын анхлагчдын зөвлөлөөс мэдэгдлээ-

Монголын улс төр хавраас хаварт улам “галзуу” төрхөндөө орж байна. Тэр тусмаа энэ хаврын улс төрийн гол дүр Ардчилсан нам болон харагдаж байна. Ардчилсан нам бол фракц бүлэглэлийнхээ тоогоор Монголдоо нэгдүгээрт ордог. Тиймээс Ардчилсан намын  дарга З.Энхболд  яг нэг жилийн өмнө “Фракцын арга барилаар асуудалд хандахгүй”-гээ хэвлэлийнхэнд хэлж, 25 жилийнхээ ойн баярын хурал дээрээс  АН фракцгүй болсноо зарласан ч харамсалтай нь амжилт олсонгүй.  Чухамдаа “Шонхор”, “Алтангадас”, “МоАХ”, “МҮДН” гээд хор, ховондоо гаршсан  фракцуудаасаа болоод Ардчилсан намын нэр хүнд  өдөр ирэх тусам унаж байна. Энэ бол АН-ын өчигдрийн ч, өнөөдрийн ч хамгийн том зовлон, бусдад өгөөш болж буй сул тал гэж тодорхойлж болно. Хэдийгээр эрх баригчид “Бодлогын зөвлөл” гэх гоё томъёолол гаргаж ирсэн ч, үнэндээ энэ нь үр дүнд хүрсэн “бодлого” болж чадсангүй. Тиймээс өнөөгийн улс төрд өрнөж байгаа үйлдэл болгоныг хөндлөнгөөс ажиглахад төрийн дээр нам нь, намын дээр фракц нь гараад суучихсан дүр зураг харагдаж буй юм.

Монголын улстөрчид фракцын үндсэн зарчмыг ойлгодоггүй. Фракцыг ерөнхийдөө толгойлогчид нь л албан тушаалын наймаа өрнүүлэх, эрх ашгийнхаа төлөө тэмцэл хийхдээ л ашигладаг.  Ямар сайндаа л МоАХ-ноос яг ийм бодолтойгоор гарснаа Л.Болд, Ц.Оюунгэрэл нар зарлаж байсан нь саяхан даа.

Үнэндээ өнөөдрийн МоАХ албан тушаалын наймааны хэрэгсэл, эрх ашгийн төлөөх бамбай болж хувирсан. Нөгөө талдаа МоАХ намын нэг фракц уу, эсвэл хувийн өмч үү  гэдэг нь ч ялгагдахааргүй болсон нь худлаа биш.  Чухам иймээс л  МоАХ гэх ардчиллын амин сүнс болсон, Монголын анхны чөлөөт байгууллага өдгөө хоёр хуваагдах дээрээ тулжээ. Өөрөөр хэлбэл, жирийн гишүүд ба Х.Баттулгын нөхөд гэсэн хуваагдлын нэг нь Монголын ардчилсан холбоо хэмээх анхны чөлөөт байгууллагынхаа амин сүнсийг хадгалж үлдэхийн төлөө нөгөө нь “эзнийхээ” эрх ашгийг хамгаалахын төлөө эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлэх болсон билээ.

 МоАХ хэн нэгэн улстөрчдийн “могойд барьдаг мод” биш. Хэн нэгэн улстөрчийг аялдан дагагсад, албан тушаалд шунагсдын,  төсвөөс "хулгайлагчид", төрөөр тоглогчдын хоргодох байр бүр ч биш. Шулуухан хэлбэл,  Монголын ардчилсан холбоо Х.Баттулгын хувийн өмч биш гэсэн үг.

Харамсалтай нь эндээс хамгийн ихээр харамсч, эмзэглэж байгаа хүмүүс бол МоАХ-ны анхны партизанууд. Монголын нийгэмд ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үрийг тарилцаж явсан тэд холбоо нь хэн нэгний хувийн компани болон хувирч буйд гомдолтой яваагаа нуухгүй байгаа юм.  Ардчиллын үрийг тарьж, үндсийг нь суулгаж явахад улс төрөөс ангид өөрсдийнхөө төлөө ганзага үүрээд шогшиж явсан нөхөд  тус фракцын дээр зайдалчихаад нэрээр нь хамгийн том, хамгийн амттай “бялуу”-г нь хүртэх болсоор удаж буй.  Тиймээс ч Ардчилсан намын “зодоон”-ыг харахад  замын дундаас орж ирсэн "зайгуулууд" фракцаа төдийгүй намаа хагалан бутаргахад хамгийн гол үүрэг гүйцэтгэж байна уу гэсэн дүгнэлт хийхэд хүргэж буй юм.

МоАХ бол 1989 оны 12-р сард байгуулагдсан   анхны чөлөөт байгууллага.  Энэ утгаараа Монголын ардчилалд хамгийн хүндтэй байр суурийг эзэлдэг. Харамсалтай нь, “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр энэ байгууллагын нэр нүүрээр эрх мэдэлд хүрэх, эрх ашгаа хамгаалах гэж оролдож байгаа бол эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр гэж зөвлөе. Учир нь МоАХ хэн нэгэн улстөрчдийн “могойд барьдаг мод” биш. Хэн нэгэн улстөрчийг аялдан дагагсад, албан тушаалд шунагсдын хоргодох байр бүр ч биш.  Шулуухан хэлбэл,  Монголын ардчилсан холбоо Х.Баттулгын хувийн өмч биш гэсэн үг.

Иймээс л жирийн гишүүд нь  эрх ашгаа нэгдүгээрт тавьсан улстөрчдийн ашиг сонирхлын бай, бамбай нь  МоАХ байх ёсгүй гэж үзэж байна.

МоАХ бол ардчиллын амин сүнс. Өөрийн үнэт зүйлтэй, үзэл бодолтой байгууллага.Үүнийг мөнгөөр худалдах эрх хэнд ч байхгүй билээ.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна