Нийтээрээ сэтгэлзүйгээ эмчлүүлье

2016 оны 3 сарын 30

-Стресс, бухимдлыг дэлхий нийтийн хэмжээнд  хөгжил дэвшлийн өвчин гэж нэрлэдэг ажээ. Тэгэхээр нийгэм хөгжихийн хэрээр стресс бий болсоор байх нь хууль аж.  Гэхдээ стрессийг хөгжилтэй хамт хөгжиж л байг гээд орхиж болохгүйг эмч мэргэжилтнүүд онцгойлон сануулж байна-

“Өглөө ажилдаа яарч ирээд орой нь гэртээ яарч харьдаг бол та жаргалтай хүн” гэсэн онч үг бий. Энэ нь мэдээж цагт баригдаж яарахын нэр биш шүү дээ. Ажил мэргэжил, ар гэртээ сэтгэл хангалуун байхыг л яарах гэсэн үйл үгээр тодотгоод байгаа хэрэг. Гэтэл өдгөө амьдрал дээр хоёр тийшээ яарах нь бүү хэл, хоёуланд нь дуртай, дургүй сажилдаг нь цөөнгүй болж. Дээр нь төр засаг, түмэн олноо шүүмжилнэ, нийгэм бүхэлдээ огтхон ч таалагдахгүй, шүүмжлэх, муучлахын дон туссан хүмүүс шөнийн ододтой ихэрлэн түгж байна. Саяхнаас давалгаалсан сошиал ертөнцөд буруугүй буруутнуудад хаягласан бухимдал гомдол хог нэгээрээ байна. Энэ гаж үзэгдэл мөн үү.  

Стресс, бухимдлыг дэлхий нийтийн хэмжээнд  хөгжил дэвшлийн өвчин гэж нэрлэдэг ажээ. Тэгэхээр нийгэм хөгжихийн хэрээр стресс бий болсоор байх нь хууль аж.  Гэхдээ стрессийг хөгжилтэй хамт хөгжиж л байг гээд орхиж болохгүйг эмч мэргэжилтнүүд онцгойлон сануулж байна. Нийгэмд үүсээд буй уур бухимдал, стрессийг хэн эмнэх вэ. Нийгмийг эрүүлжүүлэгч нь сэтгэл зүйчид мөн үү, сэтгэл зүйч, сэтгэл  судлаач, сэтгэл засалч нар хоорондоо ялгаатай юу гэсэн хариу нэхсэн асуултууд ар араасаа цуварна. Монголчууд бид цөөхүүлээ, багцаа сургаар бүгд бие биенээ таньдаг болохоор нэрэлхүү зангаасаа болоод  сэтгэлзүйчид хандсан хүн тун цөөн байдаг. Сэтгэлзүйчид хэрхэн хандахаа ч сайн мэддэггүй. Зурагт, радиогоор залхтал ярьдаг цөөн хэдэн гэр бүл судлаачаар сэтгэлзүйчдийг төлөөлүүлэн ойлгодог. Гэтэл тэдний яриа заримдаа “галзуу хүний өдрийн тэмдэглэл”-ээс ялгарах нь үгүй. Тиймээс зан харилцааны болоод сэтгэлзүйн хувьд  бэрхшээл тулгарвал сэтгэлзүйчийг зорихоосоо илүү лам, бөөд мөргөхийг илүүд үзсэн хэвээр байна.

Саяхан нэгэн телевизээс 300 хүний дунд судалгаа явуулахад 83 хувь нь сэгэлзүйчид очиж үзээгүй, 10 хувь нь очихыг хүсдэг ч очоогүй, ердөө долоон хувь нь сэтгэлзүйн зөвлөгөө авч байсан гэж хариулжээ. Гэхдээ тэдний 67 хувь нь сэтгэл заслын эмчилгээ чухал гэдгийг онцолжээ. Хүмүүс яагаад сэтгэлзүйчид очихгүй байна вэ гэсэн асуултын хариуг нийгэмд тогтсон ташаа ойлголттой холбон талбарлажээ. “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-/СЭМҮТ/-ийг галзуучуудын эмнэлэг гэж нэрлэсэн хэвээр байгаа цагт сэтгэл судлалыг ч мөн сэтгэцийн хүнд эмгэгтэй хүмүүст л хамаатай, энгийн бидний стресс бухимдалд ер хамаагүй гэж үзсэн хэвээр байх нь. Гэтэл СЭМҮТ-д аргагүйн эрхэнд эмчлүүлэгсдийн тоо жилээс жилд өссөөр байгаа төдийгүй насны хувьд улам залуужиж байгаад тус эмнэлгийн эмч нар харамсаж явдгаа илэрхийлсэн. Энэ бүхэн эрүүл бус нийгэмтэй холбоотой гэж тэд дүгнэж.  Эрүүл бус нийгэм  гэж гаж үзэгдэл ихтэй, олонхын сэтгэл тогтворгүй, улс төр, нийгмийн байдал тогтворгүй, эдийн засгийн хямралтай, хамгийн гол нь хүн амын ихэнх нь сэтгэлзүйн болоод биеийн эрүүл мэндийн хувьд эрүүл бус байхыг хэлнэ гэж тодорхойлжээ. Тэгэхээр товчхондоо бол манай улсад эрүүл бус нийгэм хэдийнэ тогтжээ.

Нийгмийн сөрөг үзэгдлүүдийн нөлөөгөөр өсвөр үе, идэр залуу насныхан стресс, бухимдалд нэрвэгдэх нь нэмэгджээ.

Уг нь манай улсад сэтгэлзүйч нар хангалттай бий гэнэ. МУИС л гэхэд жил тутамд 30-35 сэтгэлзүйч бэлтгэн гаргаж байгаагийн дээр МУБИС, “Энх орчлон” сургууль гэхчлэн сэтгэл зүйч бэлтгэдэг сургууль цөөнгүй. Гэтэл төгссөн оюутнууд нь мэргэжлээрээ ажиллахаас илүүтэй байгууллагын боловсон хүчин, хүний нөөцийн мэргэжилтэн хийх болжээ. Үүний учир нь сэтгэл зүйчийн үнэ цэнийг мэдрээгүй, байгууллагууд сэтгэл судлаач ажиллуулж заншаагүйтэй холбоотой. Байнгын хар бараан мэдээлэл дунд ажиллаж, хөдөлмөрлөж байдаг цагдаа, хүчний байгууллагынхан, хүүхэд өсвөр үеийнхнийг хүмүүжүүлэгч багш нар нь өөрсдөө стресст автсан, бухимдалтай явдгийг судалгаа харуулжээ. Гэтэл үүнийг удирдлагууд нь анзаардаггүй, түүнээс болж хөдөлмөрийн бүтээмж унасаар байгааг ч мэдэрдэггүй ажээ. ЦЕГ-ын нийт бүрэлдэхүүний хэмжээнд л гэхэд сэтгэлзүйч мэргэжилтэн ердөө дөрөвхөн байдаг гэнэ. Харин уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр сэтгэлзүйчидтэй гэрээ байгуулан ажилласнаар ажлын байрны аюулгүй ажиллагаа сайжирч, үйлдвэр дээр гардаг осол аваарын тоо буурсан байна. 

Нөгөөтэйгүүр Монгол хүний сэтгэхүйн онцлогийг цогцоор нь судалсан судалгаа өнөө хэр байхгүй гэнэ. Гадаадын томоохон судалгааны байгууллагууд үе үе судалгаа хийдэг ч үр дүнг нь танилцуулдаггүй, судалгааг юунд ашиглаж байгааг хэн мэдэлгүй өнгөрдөг аж. Тиймээс гадаадаас хуулбарласан туршлага, арга барилаар монгол хүнд хандсаар ирсэн нь манай сэтгэлзүйчдийн нэг том алдаа гэж хэлэх ч хүн тааралдаж байлаа.

Тэгвэл эхлэлд өгүүлсэн шиг өглөө ажилдаа, үдэш гэр рүүгээ яарахын тулд бид яах ёстой вэ. Сэтгэл судлаач дараах зөвлөгөөг өгч байна.

-Хүмүүс бие биедээ урам хайрлах хэрэгтэй байна. Урам зориг хайр энэрэл дутагдсанаас итгэл сэтгэл алдагдаад байх шиг. Бид сайн сайхан дээр төвлөрөх цаг нь болсон. Өөрийнхөө тав, арван жилийн өмнөх амьдралыг, улс эх орныхоо хөгжлийг хар л даа. Одоо бараг л айл болгон машинтай, ямар ч баяраар ширээ дүүргэн баярлаад байна ш дээ. Бүтээн байгуулалтыг харъя. Зам харгуй, гудамж талбай хөгжиж л байна. Үүнийг харж урам авахын оронд хэн юү идэх нь вэ, ямар муу юм болох гээд байна, хэн намайг яах гээд байна гэж бодоод байх юм бол улам хэцүүднэ гэлээ.

Хар цагаан, хатуу зөөлний дэнсэн дээр аж төрдөг нь хүмүүний ёс болохоор харыг ядаж сааралтуулж хардаг шидийг олохын тулд нийгмээрээ, нийтээрээ сэтгэлзүйн эмчилгээ хийлгэе.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна