ЭЗ-ийн чуулганаар хэн юу хэлэв

2016 оны 3 сарын 30

Монголын эдийн засгийн чуулган-2016 “Сургамж, сорилт, шийдэл” уриан дор Төрийн ордны Их танхимд болж байна.

Эдийн засгийн чуулганд оролцож байгаа төлөөлөл өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа талаар тэдний байр суурийг хүргэж байна.   

Олон улсын санхүүгийн корпорацийн зүүн Ази номхон далайн бүсийн захирал Вивек Патак:

Яг одоо бол монголын эдийн засаг нэлээд хүнд нөхцөл байдлыг туулж байна. Үүний шалтгаан бол эрдэс баялгийн үнийн уналт. Ерөнхийд нь харахад монголын эдийн засаг доод түвшиндээ хүрч байна. Магадгүй ирэх саруудад эдийн засаг савлаж болох ч 2017 оноос эргээд өсөх байх. Эдийн засгийг өсгөх гол эх үүсвэр нь Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт юм. Монгол Улс зөвхөн уул уурхайгаа түшиглэж эдийн засгаа бүрдүүлж болохгүй солонгоруулах шаардлагатай.   

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан:

-Өнөөдөр эдийн засгийн төлөвийн талаар хэлэлцэж байна. Тиймээс Монголд бизнес хийдэг томоохон компаниуд цугларсан байна. Бизнесийн шийдвэр гаргахад мэдээлэл маш чухал.

Монголбанкны захирал Н.Золжаргал:

-Эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн тухай сүүлийн хэдэн жил нэлээн их ярилаа, нэлээн ч их улс төржлөө. Сүүлдээ ч бүр хэтэрлээ. Гэхдээ хоёр бичиг баримтыг л мартаад, орхиод байна. 2015 оны цагаан сарын өмнө батлагдсан Эдийн засгийн хөтөлбөр байгаа. Мөн 2015 оны мөнгөний бодлого хэлэлцүүлэх явцад гаргасан шинэ тэнцвэрийн загвар байгаа. Энэ хоёрыг нийлүүлээд харвал ирээдүйн зураг маань одоогийн бага инфляцитай, яваандаа хүү буусан орчинд эдийн засаг цаашид үргэлжлэх юм байна. Хэрэв улсын төсөв нь тэнцвэртэй байх юм бол. Харин жил бүр алдагдал үйлдвэрлээд байвал хувийн сектороос төдий хэмжээний боломж алга болоод байна гэсэн үг. Тиймээс улсын төсөв алдагдалгүй, тэнцвэртэй байх нь чухал. Огцом шок ирсэн жилүүд байсан учраас хэцүү байсан. Сонгуулийн жил гэхэд улсын төсөв санаа зовж байснаас хамаагүй гайгүй батлагдлаа. Тэгэхээр цаашдаа ч улсын төсвөө алдагдалгүй батлах зарчим барих хэрэгтэй байгаа юм. Боломжтой бол бүр улсын төсвөөсөө хуримтлал бий болгох, тэр хуримтлагдсан мөнгөөрөө урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг зарчим руу шилжих нь Монгол Улсын хөгжлийн зайлшгүй сонголт. Мэдээж нөгөө талдаа экспортоо уул уурхайн, уул уурхайн бус гэж экспортоо хоёр хувааж харахгүй бол болохгүй. Экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байхаар гадаад зах зээл дээр үнэ нь уначихаар улсын валютын орлого огцом уначхаж байна. Гадаадын нийт хөрөнгө оруулалтын 95 хувь нь уул уурхайн салбарт байхад бүтээгдэхүүний үнэ унахад хөрөнгө оруулалт тэг болж байна. Ийм нөхцөл байдлыг уул уурхай авчраад байдаг учраас аль болох уул уурхайн бус салбараа хөгжүүлж байх ёстой. Нэг үгээр хэлбэл, бид хөтөлгөө морьтой байх ёстой. Бидэнд уламжлалт маш сайн салбар байгаа. Хөдөө аж ахуйн салбар хүнсээс гадна биотехнологийн албар юм байна. энэ салбарын ирээдүй маш тодорхой юм байна. Хамгийн хэцүү нь энэ салбар руу хөрөнгө мөнгийг хэрхэн оруулж, хөдөлмөрийн бүтээмж нэмж, мэдлэг шингэсэн экспортын бүтээгдэхүүнүүдийг бий болгох, түүнийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг тогтолцоо их хэцүү байсан. Харин инфляцийг бага түвшинд аваачсан нь энэ бололцоог нээж өгч байгаа. Монголбанк хөдөө аж ахуйн салбарын малчид дээр очиж байгаа үндсэн хоёр зээлийн хүүг бууруулсан. Моргейжийн зээлийн хүүг таван хувь болгосон. Малчин өрхийн сарын орлого нэг сая төгрөг байхад хоёр өрөө орон сууц авах боломжтой боллоо гэсэн үг. Үүнд малчид малчин дансаа хэрэглэж болж байна. Малчид сарын тогтмол орлогогүй хүмүүс учраас малчин дасны жилийн орлогыг бид хоёр жил харлаа. Нөгөө талдаа үйлдвэрлэлийн зориулалтаар 10 хувийн хүүтэй зээл, хэрэглээний зориулалтын зээлийн хүүг 18 болгон буурууллаа. Мэдээж инфлияц хоёр хувь байхад өндөр юм шиг сонсогдож байгаа. Гэхдээ өмнө байсан тоонуудтайгаа харьцуулахад энэ огцом бууралт болсон. Энэ тал руугаа бид бодлогоо чиглүүлж явна. Хамгийн чухал салбар. Малдчын зээлийн гол агуулга нь мал нь эрүүл, малчин нь нийгмийн даатгал төлдөг, малчин дансаа хэрэглэдэг буюу дотоодын аж ахуйн нэгж, монголын үйлдвэрүүдэд бараагаа нийлүүлсэн баримт нь ил тодоор дансанд нь харагддаг байх ёстой гэсэн үндсэн гурван шалгууртай. Энэ нь хөдөө аж ахуйн салбарыг цоо шинэ түвшинд аваачина. Харин хөдөө аж ахуйгаа хүнсний, биотехнологийн экспорт гээд мэдлэг шингэсэн хөдөө аж ахуй болгож чадах уу, үгүй юу гэдэг нь бидний урд байгаа сорилт.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Монголчууд бид 1921-2012 оны хооронд 2 зуун дамжуулан 91 жилийн хугацаанд 2900 гаруй км зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 2700 гаруй км гаруй зам тавилаа. Энэ 2016 онд нэмж 1200 км-ыг тавина. Нэг хэсэг нь Мянганы зам гэж зөндөө ярьсныг, нөгөөдөх нь Мянганы замыг жинхэнээсээ байгуулсныг зөвхөн эндээс харж болно.  

Аймгууд хоттойгоо холбогдож, Архангай, Завханыг дайраад алс баруун хязгаар луу зам сунайж байна, худлаа гэхгүй бизээ. Дөчин жил 1 МВт-аар ч нэмээгүй эрчим хүчний чадлаа сүүлийн 4 жилд 323 МВт-аар анх удаа нэмлээ. Залж байна гэхгүй бизээ. 3,4-р ЦС-н өргөтгөлүүд, Амгалангийн дулааны станцын араас энэ жил Эгийн голын УЦС, Багануур, Бөөрөлжүүтийн станц, Эрдэнэтийн өргөтгөл залгана.

Сүүлийн 90 жилийн хугацаанд нийтдээ бид 100.000 айлын орон сууц барьж чаджээ. Харин одоо нэгхэн жилд 25.000 айлын орон сууц барьж чадаж байна. Хямралтай байтугай хямралгүй үедээ манайхан ингэж босгож байл уу. Хуримтлалын эдийн засгийн суурийг тавьсан ипотекийн зээлээр 76 мянган өрх орон сууцанд нүүж орлоо. Зүгээр нэг статистик тоо энэ бол биш буух мөртэй буцах эзэнтэй 300 гаруй мянган монгол хүний бодит амьдралын тухай энд ярьж байна.

Эдийн засаг хямарч яваа ч гэсэн ил тод болж хуульчлагдсан, хэдэн арван их наядаар орлогоо гүйцээж мэдүүлсэн, төр түвэгтэй байгаа ч шилэн болж хяналтад орсон.  Хулгай хийвэл баригддаг, худлаа хэлбэл ороогддог болж байна.

Ипотекийн зээлээс түрээсийн орон сууц, Хийт хөнгөн бетоны үйлдвэрээс Цементийн аварга үйлдвэрүүд, малчны зээлээс махны экспорт... гээд цаснаас цухуйсан яргуй шиг хямралаас өндийсэн бүтээн байгуулалт, олон ажлууд байна. Ингэж хямраад байхад яаж болоод байгаа юм бэ гэсэн гайхшралын хариулт энд бий.

Ажилсаг ард түмэн, баялаг бүтээгчид, бүх бизнес эрхлэгчид  бүгдээрээ хямрал сөрөн зүтгэж яваа бүтээн байгуулагчид, энэ асуултын хариулт нь болж байна.

 Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна