Цуглаанд оролцогчид УИХ-д шаардлага хүргүүлнэ

2016 оны 3 сарын 30

“Жудагт Монгол” холбооноос өнөөдөр Тусгаар тогтголын талбайд “Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг зохион байгууллаа. Тэд салбар бүрийн төлөөллийг эгнээндээ нэгтгэж, иргэдийн дуу хоолойг сонсох зорилготойгоор бүх иргэний хөдөлгөөнийг хамруулсан гэлээ. Тухайлбал, Монголын ахмадын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан холбоо зэрэг 50 гаруй холбоод болон төрийн бус байгууллагууд нэгджээ. Тэдний зүгээс ард түмний саналыг сонсч, гурван чиг зорилгын төлөө цуглааныг зохион байгуулж байгаа гэлээ. “Жудагт Монгол” холбооны тэргүүн Ж.Гомбожав “Бид гурван зүйлийн төлөө цуглаан зохион байгуулж байна. Нэгдүгээрт, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө, хоёрдугаарт, ард түмний дуу хоолойг сонсдог эрх баригчдын төлөө, гуравдугаарт, хойч үедээ эх орноо бүрэн бүтэн үлдээхийн төлөө тэмцэж байна”  хэмээн өнөөдрийн үйл ажиллагаагаа тайлбарлалаа.

Мөн тэд сонгуулийн тухай хуульд хоёр өөрчлөлт хийхийг шаардсан бичгийг Ерөнхийлөгч, УИХ-д хүргүүлэх юм байна. Үүнд, 28 хүнийг намын жагсаалтаар сонгодог асуудлыг болих, хар машинаар санал өгөх хуулиас хасахыг шаардаж байгаа аж.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна