“Буурцагтны жил”-ийн нээлт боллоо

2016 оны 3 сарын 30

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68-р чуулганаас хүнсний ногоо, тосны ургамлын ангилалд хамаардаггүй, хуурай үрийг нь хүнсэнд хэрэглэдэг буурцагт үр тарианы ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, хэрэглээг дэмжихийг уриалан 2016 оныг “Олон улсын буурцагтны жил” болгон зарласан билээ. Монгол улсад энэхүү үйл ажиллагааг Хүнс, Хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ХААИС, ШУТИС, Канад улсын Монгол дахь ЭСЯ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, НҮБ-ын ХААБ-ын Монгол дахь орлогч суурин төлөөлөгч Кевин Галлагхер нар оролцож, үг хэллээ.

Энэ үеэр “Монгол улсын хувьд буурцагт ургамлын тариалалт, хэрэглээ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад төдийлөн их биш байдаг. Тиймээс “Төрөөс хүнс, хөдөө аж талаар баримтлах бодлого” болон “Тариалангийн тухай хууль”-д заасанчлан нэг төрлийн ургамлуудыг дагнан тариалах нь хөрсний үржил шимд сөрөг нөлөөтэй тул буурцагт ургамлыг сэлгээнд тарья, мөн тэдгээр таримлыг дэмжиж малын тэжээл болгох зорилт тавин ажиллаж байгаа. “Тариалангийн тухай хууль”-иар тариалангийн бүс нутгийн зааг тогтооё гэсэн зохицуулалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү бүс нутагт орон нутгийн байгууллагуудаас шийдвэр гаргасан тохиолдолд Засгийн газар, ХХААЯ-наас асуудлыг батлан цаашаа явна. Ингэснээр тухайн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжснөөр тариаланчид буурцагт ургамал тарьж хөрснийхөө үржил шимийг сайжруулна, нөгөөтэйгүүр худалдан авагч нь бэлэн байх ач холбогдолтой юм” гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд онцолсон юм.

Буурцагт үр тарианы төрөл болох шош, вандуй, эрдэнэ шиш, сэвэг зарам (лентил) зэрэг буурцагтнуудыг дэлхийн олон орны хүн ам эрт дээр үеэс эхлэн тариалж, хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх замаар ургамлын гаралтай уураг, амин хүчлийн хэрэгцээгээ хангасаар ирсэн түүхтэй. Харин царгас, хүцэнгэ гэх мэт буурцагт үр тариан төрлүүд нь мал амьтанд сайн чанартай, уурагт тэжээл болдог учир тэжээлийн зориулалтаар хэрэглэгддэг. Эдгээрээс гадна буурцагтан нь агаар дахь азотыг хөрсөнд хуримтлуулах онцгой чанартай учир хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг

Буурцагт үр тариаг олон сараар хадгалахад тэжээллэг чанараа алддаггүйн зэрэгцээ дараа жилийн ургац хүртэл хүнсний найдвартай нөөц болж чаддаг. Шош, сэвэг зарам зэрэг нь уургаар баялаг учир махыг орлуулан хэрэглэх боломжтой ба өөх тос багатай, ханасан болон транс тос, холестерол агуулдаггүй уургийн эх үүсвэр болдог. Тиймээс хорт хавдар, чихрийн шижин өвчин үүсэхээс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих зэрэг эрүүл мэндийн чухал ач холбогдолтой.

Агаар дахь азотыг хөрсөнд хуримтлуулах онцгой чанараараа буурцагт үр тариа нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлдэг. Буурцагт үр тариаг бусад төрлийн таримал ургамалтай сэлгэн тариалснаар тариалангийн талбай дахь ургамлын биологийн олон янз байдал нэмэгдэж амьтан, шавжийн  амьдрах таатай орчныг бүрдүүлдэг. Түүнчлэн буурцагт үр тариа нь усалгаа бага шаарддаг. Тухайлбал, тагтаан вандуй, баамбарын газрын шош зэрэг нь цөлийн үржил шим муу хөрсөнд ч ургах чадвартай. Буурцагт үр тариа генетикийн төрөл зүйлийн хувьд маш баялаг учир тэдгээрийн дундаас уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сортуудыг нь сонгон тариалах боломжтой.

Буурцагт үр тариаг хүнсэнд хэрэглэх, зах зээлд борлуулахаас гадна ургацын үлдэгдэл, хаягдлыг  малын тэжээлд ашиглах боломжтой. Түүнчлэн гахай, тахиа шувуу болон эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн үндсэн орц болдог.  Уг ажлын хүрээнд "Пульс" ангиллын буурцагт үр тарианы тариалалт, үйлдвэрлэл, боловсруулалтыг талбайд турших, ургамал хамгааллын цогц аргад түшиглэн тариалалт хийх сургалт, туршилтын үйл ажиллагаа  дээр Монгол улс дахь Канадын ЭСЯ, тус улсын Саксечваны Их сургууль, ХААИС-ын Ургамал хамгаалал, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Элит үр ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ажиллана.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна