УИХ-ын дарга З.Энхболд ЭХЭМҮТ-д ажиллав

2016 оны 3 сарын 30

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.30/ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллан, тус төвийн Оношлогоо-эмчилгээний иж бүрэн шинэчлэгдсэн тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах арга хэмжээнд оролцлоо. 

Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдийн техник технологийг шинэчлэх зорилгоор  тус бүр 7 сая еврогийн төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ хүрээнд улсын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр гурав дахь шатлалын лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж дуусаад, хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус төслийн үр дүнг харуулсан тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг үзэж, сонирхсон юм. 

Түүнчлэн шинэчлэгдсэн тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах арга хэмжээний нээлтэд оролцох үеэр хэлсэн үгэндээ, улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь үнэлж дүгнэдэг болохыг тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр “Монгол Улс эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтын 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 4 дахин бууруулах зорилтыг бүрэн биелүүлсэн 9 орны нэг болж, эхийн эндэгдэлийг 1992 онтой харьцуулахад 7 дахин бууруулсан амжилт гаргасныг онцлон тэмдэглэж байна. Энэ бүхэн эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нарын хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээн хэллээ. Цаашид хүрсэн ололт амжилтаа тогтвортой хадгалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт амжилт бүтээл гаргахад энэ төсөл томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд “Энхийн манаанд зогссон эмч нартаа баярын мэнд хүргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, хүн ард нь эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв. 

Тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ, Монгол Улс цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тасралтгүй сайжруулж, өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэх, ТХЗ-ыг хангах биелүүлэхэд тоног, төхөөрөмжийн энэхүү цогц шинэчлэл чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй гэлээ. ЭХЭМҮТ нь 90 гаруй жилийн хөгжлийн түүхэндээ анх удаа хамгийн орчин үеийн техник, технологиор иж бүрэн хангагдаж байгааг мөн тэрээр онцолж байсан юм. 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу ТХГ болон бусад хүнд өвчин эмгэгийг эрт үед нь оношлох, эмчлэх чадавх буй болгох, улмаар сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон лабораториуд байгуулагдан үйл ажиллагаа явуулан, хүн ардад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгааг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэлж байсан. 

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Австрийн Элчин сайдын яамны Худалдааны атташе Майкл Тангситс болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл эмч мэргэжилтнүүдийн сургалт, шинэ тоног төхөөрөмж суурилагдах зарим газарт хийсэн хэсэгчилсэн засварын ажил, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл гэсэн  3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжсэн байна. Төслийн хүрээнд 105 нэр төрлийн 297 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдэн, суурилагдаж, ашиглалтад хүлээн авчээ. Техник технологийн шинэчлэлтэй уялдуулан 15 эмч, мэргэжилтэн Австри Улсад суралцсан бөгөөд одоо 8 эмч, мэргэжилтэн суралцаж байгаа аж. 

Ийнхүү ЭХЭМҮТ Европын холбооны улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй болсноор улсын хэмжээнд эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах, Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх ажилд ахиц дэвшил гарна хэмээн үзэж буйгаа эмнэлгийн удирдлагууд танилцуулж байсан юм. ЭХЭМҮТ "Зүрхний катетер-ангиографын лаборатори"-той болсноор гадаад улс оронд энэ төрлийн эмчилгээ хийлгэхэд нэг гэр бүлээс гардаг 150 сая төгрөгийн зардлыг хэмнэж байгааг Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 100 орчим өвчтөн энэ лабораториор үйлчлүүлсэн бөгөөд ингэснээр нийтдээ 10 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн талаарх тооцооллыг мөн танилцуулж байв. 

ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн байгууллагаас хамгийн хүнд бөгөөд онош нь тодорхойгүй тохиолдлуудыг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. 2015 онд 39407 хүн хэвтэн эмчлүүлж, 11020 эх амаржсан ба эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн нийт 11816 мэс заслын эмчилгээ хийгдсэн байна. Мөн амбулаториор 177786 үзлэг хийгдсэн статистик гарсан бөгөөд цаашид өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр үзлэг, оношлогоо хийж, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна