Захирлууд хууль бусаар бэлэн мөнгө тээвэрлэдэг

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Захирлууд хууль бусаар бэлэн мөнгө тээвэрлэдэг

 

Хойд Солонгос руу гадаадын валют урсахын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг зөрчин худалдааны компанийн захирал, төлөөлөгчид галт тэргээр бэлэн мөнгө тээвэрлэдэг гэнэ. Хойд Солонгосын худалдааны компанийн төлөөлөгчид гадаадын валютыг их хэмжээгээр нууцаар зөөвөрлөдөг хэмээн “Daily NK” сонинд мэдээлсэн аж. Аюулгүйн зөвлөлийн хоригийн дагуу Хойд Солонгос руу банк, санхүүгийн байгууллагаар дамжин юань, ам.доллар зэрэг валют шилжүүлэх боломжгүй болсноос компанийн захирал, төлөөлөгчид хууль бусаар бэлэн мөнгө зөөвөрлөх болжээ. Тухайлбал, Хойд Солонгосын хоёр иргэн их хэмжээний бэлэн мөнгө нисэх онгоцонд авч орох гэж байгаад Шри-Ланкад баривчлагдаж байжээ.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ гуравдугаар сарын эхээр баталсан 2270 тогтоолын дагуу гадаадын санхүүгийн фирмүүдийг Хойд Солонгост салбараа нээхийг хориглосон юм. Түүнчлэн Хятад зэрэг НҮБ-ын гишүүн оронд байрлах Хойд Солонгосын банкны салбарыг 90 хоногийн дотор хаахыг тушаажээ. Энэ нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон баллистик пуужингийн технологийг санхүүжүүлэхийн эсрэг авсан хориг арга хэмжээ юм. Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөс Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг хатуу хориг арга хэмжээ авчээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: UPI

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж