Малчдад 1.7 тэрбумын тусламж үзүүлнэ

2016 оны 3 сарын 30

Сэтгүүлч:
Улаанбаатар

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 1.7 тэрбум төгрөгийн тусламжийг малчдад үзүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэг тэрбум төгрөгийн тусламжийг хүнс болон бэлэн мөнгө хэлбэрээр, үлдсэн 700 сая төгрөгийг малчдын амьжиргааг дэмжих, зудын бэлэн байдлыг хангахад зориулах талаар өнөөдөр мэдээллээ.

Одоогоор 332  сая  төгрөгийн тусламжийг эхний ээлжид Архангай, Баян-Өлгий, Увс, Завхан, Төв,  Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн  1767  малчин өрхөд хүнсний болон бэлэн мөнгөн хэлбэрээр өгчээ. Дээрх аймгуудад малын хоргодол их учраас тусламжийг нэн тэргүүнд олгосон байна. Дараагийн ээлжид Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Увс, Сүхбаатар, Архангай, Завхан, Баянхонгор, Дундговь аймгийн 2100 өрхөд  хүмүүнлэгийн тусламж олгохоор болжээ.

Үүнээс гадна зудын гамшигт өртсөн малчдад туслахаар бусад байгууллага иргэдийн хандивыг олон улсын тусламж хүрээгүй Дорноговь, Дорнод, Говь сүмбэр, Өмнөговь, Хэнтий аймагт хуваарилан хүргүүлсэн байна. Мөн Дэлхийн амьтныг хамгаалах байгууллага нийт 1800 өрхөд өвөлжөө, хаваржааны бүтээлэг хандивлажээ.

Тусламж хүргэхдээ малчдыг өрх толгойлсон эх, олон хүүхэдтэй зэргээр нь ангилан шат дараатайгаар олгож байгаа юм байна. Тухайлбал 200-аас доош тооны малтай малчин өрхөд гамшгийн хариу арга хэмжээ авах, яаралтай тусламжийг  дараах шалгуурын дагуу хүргэж байна.

  • Өрх толгойлсон өндөр настай малчин өрх;

  • Олон хүүхэдтэй малчин өрх;

  • Хөгжлийн бэрхшээлтэй малчин өрх;

  • Зуданд нийт малын 10-аас дээш хувийг  алдсан малчин өрх;

  • Өрх толгойлсон ганц бие эрэгтэй\ эмэгтэй малчин өрх;

  • Бусад олон улсын болон дотоодын байгууллагын зудын үеийн хүмүүнлэгийн тусламжид хамрагдаагүй малчин өрх.

Харин тухайн аймаг, орон нутгийн Улаан загалмайн хороо, засаг захиргаа нь эхний ээлжид тусламжид хамруулах шаардлагатай өрхийг сонгож байгаа аж.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна