Хөвсгөлд өрсөлдөх нэр дэвшигч хэн бэ?

2016 оны 3 сарын 31

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Улаанбаатар хотоос 600 гаруй км-т орших Хөвсгөл аймаг нь 24 сумтай, хүн ам нь 74 мянгад хүрчээ. Хөвсгөлчүүдийг төлөөлөн парламентад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нар сууж байна. 2001 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог “шигтгэснээр” мандатын тоо нь хоёроор хумигдсан юм.

Тандалтаар энэ тойрогт өрсөлдөх горилогчдын нэрс гарын арван хуруунаас даваад байна. Цагтаа Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан нарыг УИХ-д төлөөллөө болгон илгээж цэнхэртэж байсан хөвсгөлчүүд энэ онд ямар сонголт хийх бол?

Ардчилсан нам

Эрх баригч хүчний хувьд Хөвсгөлд сойх нэр дэвшигчээ албан ёсоор тогтоогүй ч нэлээн хэдэн хүний нэрс дуулдана. Тодруулбал, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүн Б.Болдбаатар, ШУТИС-ийн Эдийн засгийн хөгжлийн тэргүүн, проректор Д.Батчулуун, мөн Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батцогт, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нараас шигших тухай яриа байна. Тэднээс тойргоо услан хөдөлгөөнтэй байсан нь Б.Болдбаатар, Д.Батчулуун нар аж. Гэвч проектор Д.Батчулуун нь төрсөн нутагтаа ШУТИС-ийн салбар сургууль нээнэ хэмээн зүрх зоригтой хөдөлж явснаа больж, сүүлийн саруудад сураг тасарчээ. Хөвсгөлчүүдийн дунд фракциасаа болж адлагдсан байж мэднэ гэх “бор шувуу” ч нисэх. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн удирддаг “Нэг ардчилал” фракцид харьяалагддаг түүнийг намын удирдлагаас нь амбицаа дарах анхааруулга өгчихөв үү, аль эсвэл сайд нь тоормоз татахыг сануулснаар УИХ-д нэр дэвших санаархлаа хаяв уу гэдэг яриа ч дагаж байна.

“Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүн Б.Болдбаатарын хувьд МоАХ фракцид харьяалагддаг. Түүнд намаас нь нэр дэвших мандатыг “ногоон гэрэл”-ээр олгох яриа байгаа бол хамтрах хүнийх нь тухайд хоёр хувилбар гарч ирлээ. Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимэд агсны хүү Батцогтыг өрсөлдөж магадгүй тухай яриа байгаа ч өөрийнх нь хувьд ч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөс илүүтэй орон нутагтаа нэр дэвших сонирхол нь давамгайлж буй мэдээллийг намын нөхөд нь тодотголоо. Үүгээр бол Ардчилсан нам түүнд УИХ-д нэр дэвших үүрэг ногдуулахгүй бол Б.Болдбаатартай хамтрах зүтгэгч нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл байж мэдэх аж. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолгүйгээ илэрхийлсэн ч намаас нь энэ тойрогт өрсөлдөх хүчтэйхэн хүн олдохгүй тохиолдолд зүтгүүлэхээс аргагүй хувилбар руу шилжиж болзошгүй нь. Гэхдээ нэр нь тодорхойгүй хурандаа цолтныг сойх чимээ давхар дуулдаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж УИХ-д сонгогдсон түшээ. Муухан эр хүнийг дагуулахааргүй хол хаях тулхтай, зарчимтай улстөрч гэх тодотголтой нэгэн.

МАН

Хөвсгөл аймагт Ардын намаас УИХ-д нэр дэвшихээр нэгд эрэмбэлэгдсэн хүн нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан юм. Хамт нэг баг болж орох нэр дэвшигч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар уу, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үү, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар уу, эсвэл “Лидер”-ийн Л.Ганболд уу гээд сонголт  арвин байна. Сонгуулийн шинэ хууль хэрэгжихээс урьтаад бүгд л тойрогтоо хэр таарсан усалгаагаа хийжээ.

УИХ-д сонгогдсон цагаасаа хөвсгөлчүүдийн итгэлийг хүлээсээр рейтингээ алдаагүй яваа улстөрч бол Л.Энх-Амгалан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дундаа боловсрол өндөртэйд эрэмбэлэгддэг түүнийг улстөрийн хүрээнийхэн “Нэг их улстөржөөд байдаггүй, бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг зовлон бэрхшээлийн голыг олж хардаг, нийгмийн өмнө тулгарч байгаа томоохон асуудлыг шийдвэрлэх хүрээнд тодорхой хуулийн төслүүд санаачилж, түүнийгээ батлуулахын төлөө тууштай зүтгэж ирсэн олон эерэг чанартай” хэмээн тодотгодог.

2012 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд МАН-ын гишүүнчлэлээ сэргээх боломж нь нээлттэй болсон нь хөвсгөлчүүдийн дунд “Ардын намын нэрээ дахин өрсөлдөж магадгүй” гэх яриаг үүсгэжээ. Рейтингийн хувьд 2012 онд нэр дэвшиж байсан үеийнхээс харьцангуй буурсан гэх мэдээлэл бий. Гэхдээ тэрээр парламентад хөвсгөлчүүдийг төлөөлөн суухдаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай гар нийлэн ажиллаж томоохон хөрөнгө оруулалтыг УИХ-ын төвшинд шийдэж байв. Үүнийг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Бид Хөвсгөлийн төсөв батлаад байна уу, улсын төсөв батлаад байна уу” гэж ёжилсон нь бий. Хэрвээ Ц.Даваасүрэн гишүүн Ардын намаас нэр дэвшихгүй болбол Л.Мөнхбаатарт нам нь дахин мандат өгч мэдэх нь. 2012 оны УИХ-ын сонгуульд тус тойрогт өрсөлдөөд ялагдаж байсан ч даагаа нэхэхээр шийдэн өнгөрч буй дөрвөн жил шахам хугацаанд Хөвсгөлд амьдарчээ.

Хоймор нутагт өрсөлдөх нэр дэвшигчийн тоо АН, МАН-аар зогсчихгүй нь, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат, МАХН-аас 2012 онд өрсөлдөөд унаж байсан Х.Батсайхан нар тоосоо өргөх мэдээлэл мөн байна.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

2012 онд

  • Л.Энх-Амгалан /МАН/, Ц.Даваасүрэн /Бие даагч/

2008 онд

  • Л.Гүндалай, Ц.Сэдванчиг /АН/
  • Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн /МАН/

2004 онд

  • Л.Гүндалай, М.Энхсайхан/АН/
  • О.Энхсайхан, Б.Эрдэнэбат/Эх орон ардчилал эвсэл/

2000 онд

  • Л.Гүндалай /АН/
  • Ө.Энхтүвшин, Л.Цэрэнжав, Э.Гомбожав /МАХН/

1996 онд

  • Д.Цогбадрах /МАХН/
  • Э.Бат-Үүл/АН/, Р.Одонбаатар, Д.Бохьшарга/АХ эвсэл/

1992 онд

  • Ц.Элбэгдорж/АН/
  • Б.Чимид, Д.Данзан, Г.Төртогтох/МАХН/

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна