Д.Нэмэхбаяр: Үйлдвэр барих цаг нь ирсэн

2016 оны 3 сарын 31

- Газрын тос боловсруулах үйлдвэрийг  барьж эхлэх нь хамгийн зөв цаг үе-

Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяртай ярилцлаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг яамнаас зарлажээ. Баригдах үйлдвэрийн хүчин чадлыг тодруулахгүй юу. Хаана баригдах үйлдвэр юм. Мөн сонгон шалгаруулалтын хугацаа хэдийг хүртэл үргэлжлэх, оролцогчдод ямар шаардлага тавьж байна вэ?

-Засгийн газрын 2015 оны 113 дугаар тогтоолоор зүүн бүсэд 300 мянган тоннын, говийн бүсэд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Зүүн бүсэд барих жижиг үйлдвэрийг концессын гэрээгээр байгуулах бол говийн бүсэд баригдах том үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдаж дуусаад Аж үйлдвэрийн яам хүлээн аваад байна. Энэ Техник эдийн засгийн үндэслэлээр уг үйлдвэрийг барьж байгуулах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг зарлаад байна. Уралдаант шалгаруулалтад оролцох сонирхолоо илэрхийлэх хугацаа 14 хоногоор хязгаарлагдаж байгаа. Зарласнаас хойш хэд хоночихлоо. Төслийг сонирхож буй аж ахуйн нэгжид тавьсан гол шаардлага нь Монгол Улсын үндэсний компаниудын оролцоотой консерциум байх, консерциумын аль нэг гишүүн сүүлийн 10 жилд ижил төстэй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж ажилласан туршлагатай байх. Консерциум нь газрын тос боловсруулах үйлдвэрт хэрэглэгдэх технологи эзэмшдэг, эсвэл технологийн лиценз авах боломжтой байх гэсэн шаардлага тавьсан.

-Өмнө нь үндэсний компаниуд сонирхолоо илэрхийлж байсан уу. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах асуудал нь монголчуудын 20 жилийн мөрөөдөл гээд хэлчихэд буруудахгүй. Яриад л байдаг, ажил хэрэг болдоггүй зовлон бий. Энэ төсөл амжилттай хэрэгждэг л байгаа даа?

-Сүүлийн 10-аад жилд Монголын 10 шахам компани газрын тос боловсруулах үйлдвэр барихаар ажилласан байдаг. Одоо ч зарим нь ажиллаж байна. Үндэсний компаниуд маш их сонирхож байна, ялангуяа нефть импортоор оруулж ирэн, түгээдэг компаниудын хувьд идэвхитэйгээр сонирхолоо илэрхийлж ирсэн байдаг.

Хоёр дахь асуудлын тухайд буюу өнгөрсөн жилүүдэд энэ төсөл яагаад амжилт олохгүй байсан бэ гэвэл хамгийн гол нь төрийн бодлого цэгцтэй болоогүй, зөв шийдэл гараагүй байсантай холбоотой. Одоо бол УИХ-аас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого нь батлагдчихсан,  түүнийгээ хэрэгжүүлэх стратеги нь гарчихлаа. Дээрээс нь төрийн оролцоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөлтийг хийж байгаа учраас үйлдвэр баригдах асуудал цэгцэндээ орсон гэж ойлгож болно.

-Та яриандаа ТЭЗҮ боловсруулагдаж дуусаад яаманд ирсэн учраас сонгон шалгаруулалт зарлалаа гэж хэлсэн. ТЭЗҮ-г боловсруулсан компанийг тодруулбал?

-Аж үйлдвэрийн яамнаас өнгөрсөн жил говийн бүсэд баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах уралдаант шалгаруулалтыг зарлахад Унгарын “Евройл”  нэртэй компани шалгарсан.

-Байршлын хувьд Бор-Өндөр сум хөдөлгөөнгүй болж тогтож. Яг аль хэсэгт барих вэ. Дулааны станц барья гэхэд л салхин талдаа болохгүй гэдэг юм уу, эсвэл газар олддоггүй зовлон бий. Энэ бүхэн асуудалгүй гэж ойлгож болох уу?

-Газрын хувьд асуудалгүй. Одоо бол яг аль цэг дээр үйлдвэрээ барих вэ гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Боловсруулах үйлдвэрийг барихад олон зүйлийг харгалзаж үзэх ёстой. Төмөр замаа яаж холбох, усаа хаанаас авах, эрчим хүчээ хаанаас татах, үйлдвэрээс гарах хаягдлаа хаана хаях, хэрэглэсэн усаа дахин яаж үйлдвэртээ ашиглах вэ гээд энэ бүхнээс хамаараад аль цэгт боловсруулах үйлдвэрийг барих нь зохимжтой  вэ гэдгийг тогтоох нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа юм. Нөгөө талаас хөрсний судалгаа ч хийх ёстой. Тэр судалгаануудыг хийж байж хэчнээн баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсэх вэ гээд бүхий л асуудлууд тодорхой болсон байх ёстой.

-Уг үйлдвэрийг барихад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардах бол?

-2.3 сая тонн хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулахад 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан  тооцоо гарсан. Гэхдээ энэ үнэ бол +, - 30 хувийн магадлалтай гарсан тооцоо. Аль улсаас ямар тоног төхөөрөмж худалдаж авах вэ гэдгээс хамаараад мөн тухайн зах зээлийн нөхцөл байдлаасаа хамаараад үнэ дээш, доошоо савлаж байдаг. Өнөөдрийн дэлхийн зах зээлийн нөхцлийг бодоод үзэхээр зардал хямдрах магадлал байгаа.

-Жилдээ 2.3 сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр нь томдоо орох уу, дунджид хамаарах уу?

-2.3 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр Монголдоо томд яригдаж байгаа болохоос дэлхийд жижигт тооцогдоно. Энэтхэгийн Гужират хотод баригдсан хамгийн том үйлдвэр хоногт 1.24 сая баррель нефть боловсруулдаг. Тэгэхэд бид хоногт 40 мянган баррель газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах тухай ярьж байгаа. Хоорондын зөрүү асар их. Хэдийгээр жижигт тооцогдох ч эдийн засгийн хувьд хамгийн ашигтай ажиллах боломжтой хамгийн бага хүчин чадалтай үйлдвэр барина гэж ойлгох хэрэгтэй.

-Монгол Улсын нефтийн хэрэглээ өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?  

-2011-2012 онд Монгол Улсын нефтийн хэрэглээ жилд 1.4 сая тоннд хүрч байсан бол  өнгөрсөн онд 1.1 сая тонн болж буурсан. Уул уурхайн үйлдвэрлэл буурахаар нефтийн хэрэглээ дагаад буурч байгаа. Нийт хэрэглэж байгаа нефтийн бүтээгдэхүүний 60 орчим хувь нь дизель түлш бол 35 орчим хувь нь бензин, үлдсэн нь мазут болон бусад тослох материалын хэрэглээ эзэлдэг.

Цаашдаа Монголын нефтийн хэрэглээ өснө. Хүн ам өснө, аж үйлдвэрийн салбар хөгжинө гэж тооцоод ирээдүйн нефтийн хэрэглээний прогнозыг 2030 он хүртэл гаргасан. Шатахууны хэрэглээ 2020 онд 1.8-2 сая тонн, 2025 он гэхэд 2.3 сая тонн, 2030 он гэхэд 2.5-2.8 сая тонн болж өсөхөөр байгаа. Боловсруулах  үйлдвэр маань 2020 онд ашиглалтад орно. Тавхан жил болоод хүчин чадлын хэрэглээ нь гүйцэгдэх судалгаа харагдаж байгаа.

-Монгол Улсын түүхий газрын тосны нөөц хэр вэ. ОХУ зэрэг бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсын түүхий газрын тосны нөөц бага гэх зүйлийг газрын тосны салбарынхан ярьдаг. Мөн одоо хэчнээн газраас түүхий тос олборлож байна вэ?

-Олборлолт явуулж байгаа, нөөцөө тогтоосон гурван талбай бий. Өнгөрсөн жил олборлож байгаа түүхий газрын тос 1.3 сая тонн хүрч Хятад улсад экспортолсон. Энэ олборлолт цаашдаа өснө. Нийт 30 орчим хайгуулын талбайд газрын тос хайж байна. Ирээдүйд түүхий газрын тос олдох боломж их байгаа. Газрын тос олоод нөөцийг баталгаажуулдаг. Сүүлийн хэдхэн жилийн дотор үйлдвэрлэлийн хэмжээний газрын тос олборлож эхэлж байна. Хоёр гол талбайгаас 1.6 сая тонн газрын тос олборлох тооцоо бий. Тэгэхээр бидний хувьд үйлдвэрээ барьж эхлэх нь хамгийн зөв цаг үе болж байгаа.

-Дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болсноор бүтээгдэхүүний үнэ буух уу. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буудаг ч Монголд дагаж буудаггүй хүндрэл бий?

-ОХУ-аас ихэнх нефтиэ авч, хэрэглээгээ хангадаг. Нефть импортлогч компаниуд Гаалийн татвар, НӨАТ, Онцгой албан татвар төлдөг. Ийм учраас шатахуун үнэтэй байна. Хэрвээ бид дотооддоо бензин, дизель үйлдвэрлээд эхэлбэл Гааль, НӨАТ, Онцгой татвар төлөхгүй болно. Эдгээр татварын төлбөрийн нийлбэр 20-30 хувийн нэмэгдлийг бий болгож байгаа. Тэгэхээр ОХУ-ын үйлдвэрийн өртгөөр шатахуунаа үйлдвэрлэхэд тэр хэмжээний хямдрал хэрэглэгчид шууд очих боломжтой. Жишээ нь, одоо 1 литр шатахуун 1600 төгрөгийн үнэтэй байгаа бол нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон цагт 1 литр шатахуун 1100-1200 руу орж ирэх боломж байна.

-Байгаль экологийн хувьд хэр ээлтэй үйлдвэр байх бол?

-Байгаль орчинд ээлтэй байх бүхий л шаардлагыг хангасан тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн цогц үйлдвэр байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна