Хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжих эрхтэйгээ харууллаа

2016 оны 3 сарын 31

Монголчууд авьяастай, чадварлаг бас ухаантай гэдгээ дэлхий дахинд харуулсаар байна. Францын Бордо хотод болсон Олон улсад мэргэжилтэй ажилчдын олимп гэгддэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд дэлхийн 37 орны 700 гаруй тамирчин мэргэжлийн 50 төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорьжээ. Манай улс тус тэмцээнд анх удаагаа оролцож, 11 төрөлд өрсөлдөн гурван мөнгө, нэг тусгай байрын шагнал хүртсэн юм.  Абилимпийн уран зураг зурах төрөлд Ч.Тунгалагтуяа тусгай байрт шалгаран төрийн далбаагаа мандуулаад иржээ.  Ингээд түүнтэй ярилцсанаа танд хүргэж байна.

-Юуны өмнө таньд Абилимпийн медалийг эх орондоо авчирсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Мэдээж би маш их баяртай байна. Миний бодож байснаас үнэхээр том наадам юм билээ. Уран зураг зурах төрөлд 18 улсын 21 оролцогч оролцсон. Бид өгөгдсөн ЯЛАЛТ сэдвийн дагуу хоёр хоног бүтээлээ хийсэн. Тэгээд дүн гарахад миний бүтээл тусгай байрт шалгаран энгэртээ Абилимпийн медалийг зүүлээ. Тэрхүү сайхан мэдээг сонсоход сайхан байсан. Үнэндээ өөрийн сэтгэлийн дотоод зөрчлийг нийгэмд ойлгуулах гэсэн тэр санаа маань тэр том тэмцээнээс хүндтэй шагналыг хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Энэ наадам гурван жил тутамд болдог. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд медальгүй үлдсэн  орон олон байсан. Жишээ нь Энэтхэг улсаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг очсон,  нэг ч медальгүй буцсан. Ингээд бодохоор бид цомхон багийг бүрдүүлэн анх удаа очсон ч гэлээ маш том амжилтыг үзүүлээд ирлээ. Тэр том тэмцээнд амжилттай оролцож, төрийн дууллаа мандуулахад үнэхээр сэтгэл хөдлөхийн аргагүй сайхан мэдрэмж байсан.

-Тэмцээний үеэр зурсан таны бүтээлийн талаар  сонсмоор байна?

-Би “Хүсэл, хясал” зохиомжийг гаргасан. Энэ санаа хоёр жилийн өмнө гарч байсан. Зургийг харахад цаана нь маш том арал байдаг хэрнээ наана нь элсэнд шингэсэн тэргэнцэр байдаг. Үүнд эзэнгүй тэргэнцэр болон тэр байгалийн уялдааг хамтатган харуулсан. Тиймээс миний зураг бол зохиомжийн хувьд их онцлог байж медаль хүртэх боломжтой байсан байх. Үнэндээ бол тэнд маш олон чадварлаг зураачид байсан. Гэвч тэд бас зохиомж дээр алдсан тал байж магадгүй. Үнэндээ миний энэ бүтээлийг багш маань филисофи зураглал гэж үнэлдэг.

-Шалгаруулалтыг хэрхэн явуулсан бэ, шударга  байсан уу?

-Зураачдын хувьд хоёр өдөр зургаа зурна. Нэг удаа хоёр цагийн хугацаанд бүтээлээ туурвина. Тэр үед маш нарийн. Ямар нэгэн чимээ гаргахгүй. Хажууд байгаа зураачийн бүтээлийг харж болохгүй гээд тэмцээний дүрэм нь хатуу байдаг. Миний бүтээл бусад оролцогчдыг бодвол зохиомжийн хувьд онцлог байсан. Хэдийгээр эзэнгүй арал дээр байгаа тэр тэргэнцэр дээр хэн ч суугаагүй. Магадгүй тэргэнцэрийн эзэн өөрийгөө ялаад явсан уу эсвэл гэдэг асуудал гарч ирдэг. Энэ нь шүүгчдийн анхаарлыг татсан байх. Тэнд маш олон чадварлаг уран зураачид байсан. Тэгээд би тухайн тэмцээний “ЯЛАЛТ” гэдэг сэдэвтэйгээ уялдан “Хүсэл, хясал” бүтээлээ зурсан.

- Абилимпийн наадамд манай баг тамирчид өөрсдийгөө нээж чадлаа. Мөн олон төрөлд медаль хүртээд ирлээ. Бас та бүхэн тэндээс их зүйлийг хараад, мэдрээд ирсэн байх?

-Бид чадварлаг улс гэдгээ дахин харуулсан. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа энэхүү том зэрэглэлийн наадамд оролцлоо. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэн хүлээдэг тэмцээн. Гурван жил хүлээж байж өөрийгөө энэхүү тэмцээнд сойдог уран бүтээлчид олон байна. Бидний хувьд энэ жил 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй анх удаа оролцлоо. 9 дэх удаагийн Абилимпийн наадамд дэлхийн 37 орны 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд цугларсан. Мөн үүнийг дагаад дэмжигч, шүүгч, үзэгч гээд нийтдээ 80 мянга гаруй иргэд байсан. Бас бид анх удаа цөөн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон ч гэлээ дөрвөн медальтай ирлээ. Би Франц улсаас их сайхан зүйлийг харсан. Ямар ч газар орсон тэнд бидэнд хэрэгтэй бүхий л зүйлүүд байна. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамгийн түрүүнд анхаарч байдгийг харлаа. Зам нь хүртэл тэргэнцэртэй иргэд явахад зориулагдсан. Нэг л сайхан мэдрэмжийг аваад ирлээ. Би манай улс ч гэсэн эдгээр иргэдээ ингэж, хайрлаж хүндлээсэй гэсэн санаагаа бүтээлээрээ гаргадаг.

-Таны хувьд уран зураг зураад хэр удаж байна вэ?

-Миний хувьд уран зураг зураад гурван жил болж байна. Би урлагт маш их хайртай. Урлагийн бүхий л төрлөөр хичээллэж, сонирхдог. Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй нийгэмд гаргах нь миний хувьд уран зураг. Зургаараа, бүтээлээрээ хүмүүст юуг хэлэх гээд байгаа санаагаа илэрхийлж чаддаг. Өнгөрсөн онд дотоодын тэмцээндээ амжилттай оролцон түрүүлээд Францад болох олимпт оролцох эрхийг авч байсан. Абилимпийн үеэр зурсан “Хүсэл, хясал” зохиомжоо гурван цаг орчим зурсан. Тэгээд дараа өдөр нь энэхүү бүтээлээ өөр стильд гаргаж тодорхойлох байсан. Сүүлийн өдрийн 2 цаг 30 минут их давчуу санагдаж байсан. Гэсэн ч тэр хугацаанд бүтээлээ амжилтаа гүйцэтгэсэн. Зарим бүтээл дээр 2-3 долоо хоног ажиллах хугацаа гардаг. Энэ бол тэмцээн учраас заагдсан хугацаанд бүтээлээ хийх учиртай.  Үнэндээ олон орны шилдгүүдтэй өрсөлдөх энэхүү боломжийг олгосон Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоондоо талархаж байна. Мөн биднийг Франц улс руу явахад дэмжлэг үзүүлсэн Хөдөлмөр яам, Нийслэлийн ЗДТГ-т талархаж байгаагаа хэлмээр байна. Бас биднийг Бордо хотод очиход тэнд амьдардаг монголчууд маань маш их тус болсон. Та бүхэндээ баярлаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн хийх, бүтээх, хөгжих боломжтой гэдгийг хөдөлмөрөөрөө, авьяасаараа нийгэмд харуулж чаддагийг Абилимп гаргаж өгдөг.

 Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна