“Олонлог” төлбөрөө нэмэхгүй

2016 оны 3 сарын 31

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Олонлог” сургуулийн захирал А.Сугартай ярилцлаа.


-“Олонлог” сургуулийг эцэг эхчүүд хүүхдээ тоонд сайн, математикт дуртай болгоно гэж итгэж сонгон сургадаг шиг санагддаг. Энэ тийм үү?

-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сургуулийг зорьж сонгогдог хоёр үндсэн шалтгаан байгаа гэж бодож байна. “Олонлог” сургуулийн тогтвортой боловсон хүчин, шилдэг ур чадвартай баг, багшлах хамт олон, сургалтын чанар, сурагчдын маань гаргасан амжилтыг харгалзан эцэг эхчүүд манай сургуульд хүүхдээ өгдөг байх. Миний анзаарч харьцуулснаар “Олонлог” сургууль Монголдоо математикийн хамгийн сайн багш, бусдаас огт дутахгүй сайн бага ангийн сургалттай юм. Нөгөө талаас, “Олонлог” сургуулийн уур амьсгал, багш, сурагчийн хамтын ажиллагаа, багш нар нь цаг үргэлж хөгжиж, боловсрох гэсэн чармайлт нь тоочин хүүхдүүд тодрох, тоонд дуртай сурагчид нэмэгдэх, элсэн орох таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ сургууль дээр математикийн шилдэг ном, сурах бичгүүд зохиогдон бичигдэж, математикийн соён гэгээрүүлэх сэтгүүл тогтмол хэвлэгдэж, математикийн гоо сайхныг ухааруулан таниулах семинар, сургалт тогтмол явагддаг гайхамшигтай орчин байдаг юм.

Бидний үндсэн зорилго бол хүүхэд болгоныг тоо бодох дуртай, тооноос зугтаж айдаггүй, ямар ч хүнд бодлогоос  зайлсхийлгүй шийдэхийг эрмэлздэг болгох юм. Хамгийн  гол нь хүүхэд өөрийнхөө хүсэл сэтгэлээр бодох гэж оролддог болгохыг зорьдог. Тоо бодож сурснаар суралцагчийн сэтгэлгээний цар хүрээ тэлж, хурдтай сэтгэх, тулгарсан асуудлыг сэтгэл хөдлөлөөр биш, ул суурьтай, логик гаргалгаагаар шийдэх арга барилтай болж төлөвшдөг юм. Түүнчлэн математикийн  цул, байгалиасаа гэмээр авьяастай хүүхдүүд байдаг. Ийм  хүүхдүүдтэй ажиллахад бас л нөр их, хүнд хөдөлмөр шаардагддаг. Тэднийг зөв залж нэг зүйлд хэт туйлшруулалгүй авч явах нь хамгаас чухал байдаг. Уралдаан, тэмцээн, олимпиадад түрүүлэх нь харин зорилго биш, багш, шавийн хамтын ажиллагааг бусадтай харьцуулах тухай л сэдэв шүү дээ.

Би энэ сургуульд багшилж байсан, одоо удирдах алба хашиж байгаа хүний хувьд нэг зүйлд үнэхээр аз жаргалтай байдаг. Монгол хүүхдүүд дэлхий, олон улсын хэмжээний судалгаа хийх чадвартай, эвтэй, нэг зүг харж чаддаг олон сайн математикч багш нараар энэ сургуульд л заалгах боломжтой, аз завшаантайд хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаж явдаг юм.

-Хувийн сургуулиудад хүүхдээ сургахад багагүй төлбөр төлдөг. Ингэж мөнгө төлж байгаагаа энэ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролын асуудлыг нэгмөр шийдсэн мэт загнахад хүргэдэг болов уу?

-Зарим эцэг эх тийм хандлага гаргадгийг нуухгүй ээ. Хөндлөнгөөс цөөнгүй хүн саналаа илэрхийлсэн ч байдаг. Хувийн сургуулиуд нь чанартай сургалт, түүний төлөө сайн дураараа гэрээний дагуу төлөгдөх сургалтын төлбөр дээр тогтдог. Ганцхан Монгол ч гэлтгүй дэлхийн аль ч оронд хувийн сургуулиуд оршин тогтносоор байна.  Хувийн сургуулиуд оршин тогтнодог шалтгаан ийм л энгийн. Эцэг, эхчүүдээс сургалтын төлбөр авсны хариуд нь сургууль боловсролын сайн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг, үүний тулд сайн багш, суралцах боломжийн орчин бүрдүүлэхийг зорьдог.

“Олонлог” сургуулийн хувьд өөрийн онцлог бас бий. Энэ сургууль байгуулахдаа л санаа зүтгэл нэгтэй хамт олон, баг байсан бөгөөд манай нэртэй математикчдын нэг Б.Баясгалангийн итгэл, зүтгэл дор нэгдсэн багш нар энэ сургуулийн цөмийг бүрдүүлдэг.  Хүүхдийг хэт ачааллаар шахдаггүй, цуцааж ядраахгүй, зоргоор нь мэт хөгжүүлэх орчинг “Олонлог” бүрдүүлсэн юм. Энэ сургуульд ямар ч төвшний хүүхэд суралцах, хэрэгтэйгээ чадвар, багтаамжийнхаа хэмжээгээр авах нөхцөлийг бий болгосон хэрэг. Хүүхэд бүрийг гарамгай болгоно гэж бид амладаггүй, амлахгүй. Гэхдээ өөр бусад газраас эрээд олоход бэрх, сургалтын эрх тэгш, ардчилсан орчныг бүрдүүлж чаджээ. Тийм ч учраас шавь нар маань гайхамшигтай сайн суралцаж байгаа юм.

Тэгэхээр тухайн суралцагч сурч мэдэх, өөр хоорондоо хэлэлцэн хөгжих боломжийг олгосон нь бидний амжилт, энэ амжилтыг зорьж эцэг эхчүүд “Олонлог”-оор үйлчлүүлдэг гэж үзэж байна. Энэ утгаараа эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролын асуудлыг сайн шийдсэн гэж үзэх боломжтой. Эцэг эхчүүд төлбөр төлж үр хүүхдэдээ мэдлэг, боловсрол, чадвар олгох нь оюун ухаанд нь хийсэн маш чухал, насан туршид эргэлдэх хөрөнгө оруулалт төдийгүй сургалтын төлбөрт зарсан мөнгөндөө  харамсмааргүй  үр дүн хэмээн бодож, сэтгэл өндөр явахыг бид хүсч зорьдог, үүний тулд л ажилладаг. 

-Нэг ангид хэт олон хүүхэд байх нь сургалтын чанарт нөлөөлдөг гэдэг. “Олонлог” энэ тал дээр ямар байр суурь баримталж байна вэ?

-“Олонлог” сургуулийн хувьд 1-12-р бүлгийн анги дүүргэлт нь 24 сурагчаас  хэтрээгүй байдаг. Нэг багш 24 хүүхэдтэй тулж ажиллаж мэдлэг, боловсрол эзэмшүүлэхэд боломжийн тоо юм. Ер нь нэг танхимд 30 илүү сурагч суухаар хичээлийн явц цэгцгүй болж, хүүхэд нэг бүрт ногдох хандлага, анхаарал эрс сулраад, улмаар сургалтын чанарт сөргөөр нөлөөлөөд ирдэг.

-Сургалтын төлбөрөө ирэх хичээлийн жилд нэмэх бодол байгаа юу?

-Хувийн сургуулийн санхүүгийн үндсэн эх үүсвэр нь сургалтын төлбөр.   Сургалтын төлбөрийг “Олонлог” сургуулийн үүсгэн байгуулагч болон захирлын зөвлөл дээр жил бүр хэлэлцэж төлөвлөдөг. Сургуулийн хөгжлийн төлөө нэмэх тохиолдол цөөнгүй байсан. Нэмэхгүй тогтвортой явсан жилүүд ч бий. Ер нь  аль болох тогтвортой, зохистой байлгахыг хичээдэг. Тухайлбал, өнгөрсөн 2015 оны хавар дийлэнх хувийн сургууль төлбөрөө олон хувиар өсгөж нэмснийг та бүхэн анзаарсан байх. “Олонлог” харин сургалтын төлбөрөө нэмээгүй цөөхөн сургуулийн нэг төдийгүй ирэх 2016-2017 оны хичээлийн жилд нэмэхгүй байхаар шийдвэрлэчихээд байна.

-Тусгаар тогтнолын математикийн уралдааныг “Олонлог” сургууль улсын хэмжээнд зохион явуулдаг. Энэ тухайд ?

-Анх энэхүү уралдааныг  Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний түүхэн үйл явдлын 100 жилийн ойд зориулан  2011 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан юм. “Олонлог” сэтгүүл, “Олонлог” сургуулиас санаачлан хоёр жилд нэг удаа  албан ёсны эрх, зөвшөөрөлтэйгөөр  2015 оны арванхоёрдугаар сард гурав дахь удаагаа маш амжилттай зохион байгууллаа. Энэхүү математикийн улсын уралдаанд нийслэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 1-12-р ангийн нийт 2000 орчим  сурагч хүүхэд, багачууд, багш нар оролцсон. Орон нутгаас уралдааныг зорьж ирсэн нь гайхамшигтай. Архангай, Баянхонгор, Увс, Хөвсгөл, Дархан, Орхон Уул, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь болон Төв аймгийн Заамар, Жаргалан, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа  сумдаас нийтдээ 130 гаруй  тоочид  оролцсон юм. Монголын тусгаар тогтнолыг сэтгэдэг толгой, сэргэлэн оюун ухаан авч явахыг илтгэсэн сайхан арга хэмжээ, нэр хүндтэй баяр болсонд баяртай байгаа. Тоонд дуртай хүүхэд, залуусын математикийн авьяас чадвар, оюуны  шандсаа  сорих, шинэ бодлого бодож уралдах нэгэн тод индэр болж сэтгэлийн урам зоригийг нь бадруулсан шилдэг уралдаан байдгаараа онцлогтой л доо.

Нэмж  тодруулахад, математикийн олимпиадын хөдөлгөөнийг зөв явуулах хэрэгтэй юм. Медаль авах, байр эзлэхийн төлөө спорт биш байгаасай, шинжлэх ухаанаасаа холдоогүй, шилдэг санаа, шийдэлтэй шинэ бодлогууд дэвшигддэг, математикт түргэн шуурхай орж ирэх үүд хаалга нь, тооны шинжлэх ухааны эхлэл, хөтлөгч нь байгаасай гэж би боддог л доо.

-“Олонлог” сургууль тоо болон бусад сурах бичгүүдийнхээ заримыг өөрсдөө зохион ашигладаг гэж дээр дурдах шиг. Танай сурах бичгийг бусад газар хэрэглэдэг үү?

-“Олонлог” чинь ном, сурах бичиг, сэтгүүл гаргадгаараа зартай хамт олон л доо. Монголд маань ганцхан байдаг математикийн гоо сайхныг соён гэгээрүүлэх “Олонлог” сэтгүүл 1993 оноос өнөөдрийг хүртэл хэвлэгдсээр байгааг бүгд андахгүй мэддэг. Энэ сэтгүүлд тооны ухааны гайхамшигтай үр дүнгүүд төдийгүй Монголын математикчдын илтгэл, нийтлэлүүд тогтмол гарсаар байгааг хэн хүнгүй биширч хүндэлдэг. Японы математикч Кавасаки “Олонлог” сэтгүүлийг харчихаад “ямар гайхамшигтай вэ, ийм зүйл бас байдаг аа, цаашид хамтарч ажиллана аа, Японд орчуулж хэвлүүлнэ ээ” гэж дуу алдсаныг дурдахад хангалттай. “Олонлог”  сэтгүүлийн шинэхэн дугаар сая гуравдугаар сарын сүүлчээр хэвлэгдэн гарлаа. Бас л дуулиан тарих сэдэв болчихоод байна. Энэ дугаарт 2014 оны арванхоёрдугаар сард манай Баясгалан, Баяржаргал, Ганбилэг нарын хамтран баталсан бүхэл диаметртэй тойрог дээрх бүхэл зайтай цэгүүдийн тоог гаргасан алдартай үр дүнг өргөтгөн үргэлжлүүлж Ганбилэгийн баталсан гайхамшигтай үр дүнгүүд нэгтгэгдэн хэвлэгдэж зарлагдлаа. Дэлхийн олон оронд хүчтэй математикчид тэнхээ мэдэн судалдаг бодлогуудыг Монголын дунд сургуулийн багш нар өлхөн хийчихээд сууж байгааг нүдээрээ харсандаа би гойд таашаалтай байдаг юм. Монголын математикчид “Олонлог” сургууль дээр болдог Улаанбаатарын Математикийн нээлттэй семинараар энэ үр дүнг хэлэлцэн сайшаан магтаж сэтгэгдэл өндөр байсанд  багш нар, сургуулиараа бахархах сэтгэгдэл төрснийг далимд нь хэлчихье.

Математикийн суурь болон гүнзгийрсэн сургалтад зориулсан 10 гаруй сурах бичиг эрхлэн хэвлүүлсэн байдаг.  “Геометр” 7-9-р анги, “Математик бодох урлаг” 1-5 цуврал , “Математик Сонгон  6“ зэрэг сурах бичгийг нэрлэж болно. Бага ангийн сурагчдад зориулсан “Сонгон суралцах математик” 1-5 цуврал нь найман  жил хэвлэгджээ. Энэ хугацаанд  нийслэл, хөдөө орон нутаг  болон хувийн хэвшлийн сургуулиудын сургалтын хэрэглэгдэхүүн болж чадсан нь сурах бичгийн үнэ цэнийг харуулахаас гадна маш чадварлаг баг бүрдсэний нотолгоо юм.

-Ойрын үед гаргасан сургууль, сурагчдын шилдэг амжилтаас дурдаач гэвэл?

-Хамгийн ойрын амжилтаас ярихад 2002 онд байгуулагдсан цагаасаа хойш 15 жилийн хугацаанд сургууль маань өсөж дэвжиж 700 гаруй шавь төгсгөж, төгсөгч бүр өөрийн хүссэн дэлхийн болон Монголын  шилдэг их дээд сургуульд элсэн  манлайлж  байгаа нь хамгийн том амжилт юм болов уу. Мөн “Олонлог” дунд сургуулийн багш нар 2014 онд дэлхийн  математикт  цоо шинэ үр дүн болох гайхамшигтай  теорем баталсныг би дээр дурдлаа. Энэ үр дүн Монголоор овоглогдоно гэдэгт итгэлтэй байна.  

Манай  сургуулийн сурагчид Монголын Математикийн олимпиадаас 22 алт, 16 мөнгө, 30 хүрэл, дөрвөн тусгай байрын шагнал хүртсэн байна. Дэлхийн математикийн  аварга  шалгаруулах Олон  улсын  математикийн олимпиадад  Монгол улсаа төлөөлөн шигшээ багийн бүрэлдэхүүнд манай сургуулийн сурагчид 2005 оноос байнга шалгаран оролцож хоёр мөнгө, есөн хүрэл, зургаан тусгай байрын шагнал авсан нь богино хугацаанд чамлахааргүй амжилт үзүүлсэн гэж боддог. Ийм бахдам амжилтыг өөр ямар ч сургууль ойрын 15 жил үзүүлээгүй дээ.

Энэ Монголын Математикийн 52-р олимпиад Архангайд тавугаар сарын эхээр болно. Саяхан энэ олимпиадад оролцох эрхийг авахын төлөө Улаанбаатарын шилдэг сургуулиудтай өрсөлдлөө. “Олонлог”-оос нийтдээ 18 сурагч, багш энэ уралдаанд оролцох эрхийг авсан нь хамгийн олон төлөөлөлтэй сургууль болж байна.

ЭЕШ-ийн чансаагаар ч “Олонлог” сүүлийн жилүүдэд онцгой сайн явж байгаа. ШУА-ын эрдэмтэдтэй физик, химийн чиглэлээр хамтран ажиллаж улам л гүнзгийрүүлэх чиглэлийг барьж байна. Англи хэлийг Фижи, Филиппинээс уригдан ирсэн багш нар хөтлөн явуулдаг нь энэ амжилтын чухал үндэс юм. Talk talk in English сургалтын төвтэй хамтарсан үйл ажиллагаа их дэм үзүүлснийг тэмдэглэе. “Олонлог” нь япон хэлийг япон багш зааж сургадаг цөөхөн сургуулийн нэг.

Төгсөгчдийнхөө амжилтыг тусад нь тусгайлан сүүлд дурдахгүй бол тоочиж барамгүй их ээ. Манай тоочин шавь нарын нэг Ган-Эрдэнэ маань л гэхэд Японы сумо-д гарамгайлж озеки болчхоод их аварга болох цагаа хүлээн цохилж байгаа шүү дээ. Шавьдаа амжилт хүсье. 

-Танай сургууль элсэлтээ хэрхэн ямар хугацаанд авдаг вэ?

-2016-2017 оны хичээлийн жилийн бэлтгэл ангид элсэлтээ аваад хичээллээд эхэлчихсэн. Одоо хоёр бүлэг хичээллэж байна. Нэмж хоёрхон л бүлэг авна.Дөрөвдүгээр сарын 4-нөөс гурав дахь бэлтгэл бүлэг маань хичээллэж эхэлнэ. Эцэг эхчүүд мэддэг тул элсэлтэд нэг их санаа зовдоггүй. Дөрөвдүгээр сарын дундуур элсэлтийн шалгалт авна.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна