Москвад “ИУ”-ын хүмүүсийг барьжээ

2016 оны 3 сарын 31

Фото: Глеб Щелкунов / «Коммерсантъ»

 

Москва хотноо “Исламын улс” гэх бүлэглэлтэй холбоотой хэрэгт сэжиглэгдсэн 20 орчим хүмүүсийг баривчилсан байна. Тэднийг террорист бүлэглэлд  хүмүүс элсүүлэхээр ажилласан гэж буруутгаж байгаа аж.

 

Баривчлагдсан хүмүүс  нь Туркийн иргэд бөгөөд тэднээс хуурамч бичиг баримт илэрчээ. Одоо тэдний холбоог тогтоохоор  байцааж байна.

 

Хоёрдугаар сард Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд Екатеринбургт ИУ-ын дөрвөн гишүүнийг баривчилсан байв. Тэднийг Москва, Петербург, Свердловск мужид аллага хийхээр бэлтгэсэн хэрэгт сэжиглэж байгаа юм.

 

Туркээс ирсэн ИУ-ын нэгэн гишүүн бүлгийг удирдаж байсан ба аллагаа үйлдсэний дараа тэд Сирид очин байлдааны ажиллагаанд оролцох төлөвлөгөөтэй байсан гэнэ.

 

Тусгай албадын мэдээгээр, ИУ бүлэглэлд Орос ба Европт  аллага явуулах тусгай  анги байгаа гэнэ. Түүнийг  Ганц галт хочтой Ахмед Четаев толгойлдог ба  голчлон Хойд Кавказаас гаралтай  хүмүүс уг ангид байдаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна