“Цацраг идэвхит бодист болгоомжтой ханд”

2016 оны 3 сарын 31

Монголын эдийн засгийн форум хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сургамж, сорилт, шийдэл уриан дор явагдаж байгаа форумын хоёр дахь өдрийн нээлт Ерөнхийлөгч үг хэлснээр эхэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:

-Монголын байршил, зам хэцүү. Монголд боломж олон олдоод байдаггүй. Аманд орсон шар тосыг хэлээрээ битгий түлхээрээ гэж үр хүүхдэдээ захиж хэлсэн. Үнэхээр түүхий эдийн үнэ өндөр байсан тэр үед “аманд орсон шар тос”-ыг бид ашиглаж чадаагүй.  Одоо зарим этгээд үүн дээр улс төр хийж, жүжиглэж байна. Ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, ард нь байсан ашиг орлогыг алга болгосныхоо төлөө бүжи, хийж наадах хэрэггүй. Монголын залуу үе ийм зүйлд автвал дахиад бид алдах болно. Улстөрчид үнэхээр хариуцлагагүй байна.  Нэг УИХ-ын гишүүн “Би том төсөл зогсоосноороо бахархдаг” гээд мэдэгдэл хийж байсныг санаж байна.  Эм тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд сонгогчдодоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй юм байх даа. Иргэд сонгогчид эм тарианы мөнгөгүй болно.  Аягүй бол эмийн санд ирээд тэтгэврийн дэвтрээ өгөөд эм өгөөч гэж өвгөчүүд гуйна. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд халамжийн дэвтэр,  гэрчилгээг нь бариад хүүхдийн минь тариаг өгөөч гэж гуйна.  Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш биз гэж бодоогүй юм байх даа. Эдийн засаг бодитой, мөнгөөр хэмжигддэг. Улс төр бол мэдэгдэл, дүр эсгэсэн хандлагад халхавчлагдаад явж болно. Эдийн засгийг халхавчлах ямар ч боломжгүй. Тийм учраас бодитой, хохирол нь мөнгөөр гардаг.

Хүндрэлд яаж орсон. Тэр байдлаараа гарна. Хүндрэлээс гарах арга замаа олоод ажил хэрэг болгон, сургамжлах хэрэгтэй. Би хүндрэлээс удаан хугацаанд зовлонтой замаар гарна гэж бодож байгаа. Эндээс гарах эд шидийн зам байхгүй. Ид шид амлаж байгаа хүмүүсийн үгэнд хууртвал дахиад бид хүндрэлд орно.

Манай сонгогчид хэрсүү, өнгөнд хууртахгүй болж байгаа. Бид нэгнийхээ амжилтад алга ташдаг байдал алга болсон. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын хөрөнгийн бирж дээр  итгэл хүлээгээд мөнгө босгож байгаа тэр бизнесмэнд бид алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг хамгийн том итгэл.

Бизнест хүний итгэлийг алдсан хүн улс төр рүү зүтгэх юм. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүн улс төрийн мөн тийм л аргаар хийх гэж оролддог юм байна.

Цацраг идэвхит бодист болгоомжтой ханд

Улс төрд хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй байна. Улс төрд хэцүү ажил хийх гэж ордог гэж бий хэлдэг. Янз бүрийн амьтныг аргалах гэж шийдэл хэрэг болдог. Монголын зовлон гаднаас биш. Дотроосоо байна. Эдийн засгийн хүндрэл бол Монголд эдийн засгаас биш улс төрөөс болж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн чуулганаар улс төрийн асуудал ярих ёстой.

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж чадахгүй байна. Цацраг идэвх бодистой холбоотой асуудлаар болно, болохгүй гээд хоёр тийшээ хараад суучихсан байгаа. Ийм зүйл болгоомжтой ханд гэж би энэ хүмүүст хэлж байгаа.  Үүний оронд Хариуцлагын, Төрийн албаны тухай хуулиа ярь л даа. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн хүртэл хариуцлагатай байя. Улс төрийн албан тушаал дээр сууж байгаа хүн авлигын эсрэг, муу засаглалын эсрэг хариуцлагын төлөө явдаг байх юм бол шалгалтаа өгч, давж байна гэсэн үг. Үүн дээр ярьж чадахгүй хоёр нүүр гаргаж байвал шалгалтдаа унаж байна. Энэ бол улстөрчийг шалгадаг зүйл гэж бий хардаг. Төрийн албыг хариуцлагатай болгомоор байна. Төрийн албаар дамжуулж эдийн засгийг алдгийг болимоор байна. Төрийн албаар дамжуулж улстөрчид бусниулдгийг болимоор байгаа юм. Үүнийг зогсоох тухай хуулийн төсөл барьсан байгаа.

Дэлхийгээр нэг сонгуулийн кампанит ажил болж байна. Сонгогдсоныхоо дараагаар ийм зарлиг гаргана, эхний сард ийм ийм хуулийн төсөл батална гэж амлаж байгаа. Тиймээс бид ч эхний сард юм хийх, ямар ямар хууль батлахыг асуух ёстой. Хууль зөрчигдвөл тэр намыг татан буулгадаг байх ёстой. Гишүүн болоод дахиад нэр дэвшээд, хулгайгаа зөрчөөд явж байгаа хүнтэй  хариуцлага тооцох уу, эсвэл “ газар дээрээ баригдвал” гэдэг хуулиа мөрдөж явах гэж байна уу гэдэг амлалтыг авах хэрэгэтй. Энэ бүхэн байхгүй учраас Монголын  улс төр муухай харагдаж, эдийн засгаа ч муухай болгож байна. Дээрээсээ толгойн өтсөн учраас Монголын нийгэм нэлдээ хүнд байдалд ороод байгаа. Тиймээс асуух ёсой асуултууд.

Монгол Улсын өрсөлдөх чадвар олон улсад унасан л болвол тэр Засгийн газартай, хариуцаж байгаа Сангийн сайдтай, авлигын индекс өссөн бол тэр Хуульзүйн сайдтай нь шууд хариуцлага тооцох ёстой. Дахиад тэр рейтэнг нь унаж байгаа бол Засгийн газрыг зайлуулж, Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй. Эдгээрийг л  хуульчилмаар байна. Монгол Улсын өрсөлдөх чадвар ухарсан, муу авсныг биднээс хамаарахгүй, хөндлөнгийн үнэлгээгээр гараад ирдэг дүн.  Тэр дүн дээр муу авсан бол хариуцлага тооцдог байх ёстой. Түүнээс бус нэг гишүүн барьж гүйгээд, хэн нэгнээ сайд болгох гэсэн, хулгайгаас зугатсан марзан жүжиг Монголын  улс төрийг аврахгүй. Би ийм зүйлийг үнэхээр тэвчиж чадахгүй. Үүнийг би 1990 онд ярьдаг байсан. Би шударга бус, хариуцлагагүй зүйлийг тэвчихгүй. Одоо ч би ярьж байгаа  хэмээлээ.

Ийнхүү Эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо хүндэт зочноор уригдан ирсэн Даниел Кауфман үг хэлж байна.  

Т.ДАВАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна