Хүүхэдтэй эхийг хорьж болно

2016 оны 3 сарын 31

-Хүүхэдтэй эхийг хорьж байцаахгүй гэсэн заалт байдаггүй аж-

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос  “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэл”-ийг  танилцуулах явцад сэтгүүлчдийн хөндөн тавьсан нэг асуудал нь нялх хүүхэдтэй эхчүүдийг албадан хорих, цагдан байцаах нь хэр зохистой хэрэг вэ гэдгийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалын жишээн дээр тодотгон асуусан юм. Асуултад ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж дараах хариултыг өгч байна.

-Эмэгтэй хүнийг, тэр дундаа нялх хүүхэдтэй эхчүүдийг байцааж, цагдаж, шийтгэж болохгүй гэсэн хуулийн заалт хаана  ч байхгүй. Хэрэвзээ ийм зүйл заалт бий болгожээ гэвэл хамаг хэргийг эмэгтэйчүүдэд тохон, эрчүүд цаана нь нэр цэвэр үлдэх болно. Тиймээс ч хүүхэдтэй эх хүн хэрэг үйлдсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээхээс аргагүй. Гагцхүү эхчүүдийг байцаах, ял эдлүүлэх үед хүүхдийн эрхийг хэрхэн хангах вэ гэдэг асуудал л анхаарал татаж байгаа. Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй эхчүүд хүүхэдтэйгээ тодорхой хугацаанд хамт байх нөхцөлийг бүрдүүлсэн. Дөрвөн настай охины амь насанд халдсан гэх хэргээр ял эдэлж буй Г.Маралмаа л гэхэд хүүхэд төрүүлээд одоо хүүхэдтэйгээ хамт байгаа.

Харин урьдчилан хорих төвд ийм боломж байхгүй. Тиймээс Г.Түвшинжаргалын хүүхдийн талаар багагүй шуугилаа. Хойшид урьдчилан хорих төвд эх хүүхдийг хамт байлгаж болох эсэх нь тусдаа яригдах асуудал мөн. Түүнээс хүүхэдтэй эхийг байцаах, хорих зэргийг хурцаар тавих боломжгүй гэлээ.

М.Сура

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна