Сугалаа, урамшууллын тухай биш замбараатай, бүртгэлтэй хяналттай эдийн засгийн тогтолцооны тухай юм

2016 оны 3 сарын 31

Нэмэгдсэн өртгийн албан татварын  тухай хууль  шинэчлэн батлагдаад найман сар, хэрэгжүүлж эхлээд  гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Хуулийг эдийн засгийг ил тод болгох, далд эдийн засгийг бууруулах, эдийн засгаа эрүүлжүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, эдийн засаг санхүүгийн систем, бүртгэл тооцоонд хийж буй цоо шинэ өөрчлөлт, томоохон шинэчлэлт гэж үзэж  буй. Гэвч хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд өндөр үнэтэй кассын машин шахаж байна, бараа үйлчилгээний үнэ нэмэгдлээ гэх зэрэг сөрөг мэдээллүүд гарах болсон. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  өнгөрөгч  мягмар гаригт Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж  хуулийн хэрэгжилттэй танилцан, үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар  цахим төлбөрийн системд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 30 гаруй мянгад хүрч, НӨАТ-ын сугалаатай 35 сая баримт 34 156 цэгээр хэвлэгджээ. Мөн 549 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн бөгөөд цахим төлбөрийн баримтын системд 411 мянган хэрэглэгч, гэр бүл хамрагдаж, 14470 азтан тодорсон талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга танилцуулсан. Хууль хэрэгжиж эхэлсэн гурван сарын хугацаанд гарсан дээрх  үр дүнгээс хууль харьцангуй богино хугацаанд  бодитоор хэрэгжиж эхэлснийг харуулж байгааг Ерөнхий сайд онцлоод бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, татварын байцаагчид аж ахуй нэгжүүдийг өндөр үнэтэй кассын машин шахаж байгаа  гэх асуудалд тайлбар хийхийг албаны хүмүүсээс  хүссэн юм.

Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв " НӨАТ-ын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил, үйлчилгээ үзүүлж байгаа татвар төлөгчид стандартын шаардлага хангасан касс, хэвлэх машинтай байна гэж заасан. НӨАТ-аас гадна нийслэлийн татвар авч байгаа учраас кассын машинтай байх ёстой. НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдэд энэ шаардлагыг тавьж байгаа, харин НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгжүүдэд хуулийн ач холбогдлыг таниулж, сурталчлах чиглэлээр ажиллаж байна” гэлээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд таван  мянгаас эхлээд 500 мянган төгрөгийн үнэтэй техникийн сонголтууд байна. Энэ чиглэлээр сурталчилгаа хийж, иргэдэд хуулийн хэрэгжилтийг таниулах шаардлагатайг Ерөнхий сайд анхаарууллаа. Тэрбээр “Нэг, хоёр сая төгрөгийн үнэтэй  кассын машин шахаад байгаа асуудал алга. 5000 төгрөгөөр гар утасны программ суулгах замаар, 70-80 мянган төгрөгийн үнэтэй принтерээр,  хэвлэгч машинаар, арай томхон аж ахуй нэгжүүд 200-300 мянган төгрөгийн зардлаар энэ системийг ашиглах боломж байна. Томоохон худалдааны төвүүд нэгдээд  асуудлаа шийдэх боломж байна. Өөрөөр хэлбэл технологийнх нь шийдлүүдийг манайхан олж, IT-ийн чиглэлийн компаниудтай сайн хамтарч ажиллажээ гэдгийг хэлмээр байна. Хууль хэрэгжээд ердөө гурван сар болж байгаа ч амьдрал дээр хэрэгжилт сайн байгааг харлаа. Гэхдээ өдөр тутам гарч байгаа асуудал, иргэдээс ирж байгаа гомдол санал бүрийг  анхаарч, хаяглаж ажиллах шаардлагатай. Нэгдүгээрт хүмүүст илүү энгийн ойлгомжтой болгох чиглэлд үргэлжлүүлж ажиллах, хоёрт нэг цэгийн үйлчилгээ рүү оруулах, гуравт 2 хувийн буцаан олголтын ач  холбогдлыг иргэдэд жинхэнэ утгаар нь мэдрүүлэх шаардлагатай байна” гэсэн юм. Дөрөвдүгээр сардаа багтаж системд бүртгүүлсэн 411 мянган иргэний төлсөн НӨАТ-ын хоёр хувийг  буцаан олгох технологийн шийдэл, зохион байгуулалтын ажлуудаа цэгцлэхийг Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвт үүрэг болголоо. Олон нийт 2 хувийн буцаан олголтыг ердөө сугалаанд оролцож байгаа хэлбэр  төдийгөөр ойлгох ёсгүй гэдгийг давхар сануулсан юм.

Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэслэлгүй

Хууль хэрэгжиж эхэлснээр бараа, бүтээгдэхүүний үнэ 10 хувиар нэмэгдсэн гэх мэдээлэл гарч буй. Энэ асуудалд Ерөнхий сайд тайлбар авахыг хүссэн. Гааль, татварын ерөнхий газрын  дарга С.Пүрэв “Аж ахуй нэгжүүд  урьд нь НӨАТ-ын суутган  төлдөг байсан тэр татвараа л төлж байгаа. Барааны үнэд НӨАТ багтсан учраас үнэ нэмэгдэх ёсгүй. Хэрэв аж ахуйн нэгжүүд барааны үнийн дүн дээр 10 хувийг нэмж тооцож байгаа бол буруу.  Аж ахуйн нэгжүүд үнээ нэмлээ гэхэд торгож, хариуцлага тооцох эрх ГТЕГ-т байхгүй. Энэ нь цэвэр зах зээлийн өрсөлдөөний журмаараа явна. НӨАТ  суутган төлөгч биш жижиг аж ахуй нэгжүүд ч  мөн адил хуучнаараа НӨАТ суутган төлөхгүй байгаа. Ийм байхад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэслэлгүй” гэх  хариулт өгсөн.

Ерөнхий сайд “НӨАТ-ын хууль  гэдэг нь иргэдэд 2 хувийн буцаан олголт олгох, сугалаанд оролцуулж азтан шалгаруулах гээд байгаадаа ч гол нь биш. Монгол гэдэг тусгаар улс өөрийн эдийн засагтай, өөрийн хил хязгаартай  улс байж хөгжихийн тулд энэ хуулийг хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй. Эдийн засгийн мөнгөн урсгалаа бүртгэдэг энэ тогтолцоонд одоо л орохгүй бол тодорхой хугацааны дараа татварын, өршөөлийн болон  ил тодын хууль дахин дахин баталж, улсын төсвөөс хэд дахин их нууцлагдсан орлогыг ил болгох тухай асуудлуудыг дахин ярих болно. Өөрөөр хэлбэл, үргэлж далд эдийн засагтай байна. Шударга өрсөлдөөний тухай ярих боломжгүй болно” гэлээ.

Ерөнхий сайд “НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт бол сугалаа, урамшууллын тухай биш бүртгэлтэй, хяналттай эдийн засгийн тогтолцооны тухай юм” гэж хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татлаа.

Б.ХАШХҮҮ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна