Эдийн засгийн чуулганаар этик, мөрөөдөл хэлэлцлээ

2016 оны 3 сарын 31

-Мөнгөгүй эдийн засагтай улс орны удирдагчид мөнгөний тухай ярих нь утга учир багатай тул энэ удаад мораль, ёс зүй,  этик соёл, эмх цэгцтэй мөрөөдлийн тухай ихээхэн философилог агуулгыг сонгон авчээ-

Саяхан ширхэг ч хадаас үйлдвэрлэж чаддаггүй байсан монголчууд одоо бүр бүхэл бүтэн хадаасны үйлдвэртэй болсон сурталчилгаа өчигдөр эхэлсэн “Монголын эдийн засгийн форум”-тай зэрэгцэн сошиал ертөнцөд цацагдлаа. Экспортын орлого үлэмж хэмжээгээр буурч, өртөг зардал, өр зээл төдий хэрээр нэмэгдсэн энэ үед Эдийн засгийн форумын эргэн тойронд зүүх аятайхан хачир хэрэгтэй л байсан биз ээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт буюу Давостай хамтран 2014 онд Монголын хөгжлийн сценариудыг гарган хэлэлцсэн нь хамгийн утга учиртай хэлэлцүүлэг болж байв.

Түүнээс хойш 888 төсөл, монгол брэнд оймс, эсгий шаахай гэхчлэн бас ч үндэсний хэмжээний сэдэвтэй байсан бид өнөөдөр бүр ярих юмгүй болжээ. Ямар сайндаа “хадаас” харж баясах билээ дээ?! Ингэхэд хадааснаас өөр хачир юу байна?

Мөнгөгүй эдийн засагтай улс орны удирдагчид мөнгөний тухай ярих нь утга учир багатай тул энэ удаад мораль, ёс зүй,  этик соёл, эмх цэгцтэй мөрөөдлийн тухай ихээхэн философилог агуулгыг сонгон авчээ. Этик ба нийгэм, Монгол мөрөөдөл, Эмэгтэйчүүдийн манлайлал, Ногоон хөгжил, Хуульчдын өрсөлдөх чадвар, Монгол хүний оюуны чадавхи гэхч­­­­лэнгээр хэлэлцүүлгийн сэдв­­үүд эдийн засгаас ихээхэн халилтай холдсоор эцэст нь шилдг­­­­­­­үүдийг шалгаруулж, шампань дарс буудуулснаар өндөрлөх сценаритай юм.

Энэхүү философилог Эдийн засгийн форум харин нэр дэвшихээр горилогчид, ирээдүйд од болох мэргэн жараахайнуудыг сур­­­­­талчлах сайхан шалтаг боллоо. Энд нэмж хэлэхэд этикийн тухай хэлэлцсэн Эдийн засгийн форумын бэлгэ тэмдэг нь “Хуульчдын өрсөлдөх чадвар” салбар хуралдааныг хөтөлсөн Б.Батзаяа байв уу даа. Эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй элдэв асуудалд орооцолдсон өмгөөллийн үйл ажиллагааныхаа өмнөөс өнгөрөгч өвөл хуулийн байгууллагын хаалга татаж, хорио цагдаанд орж байсан хүн хуульчдын өрсөлдөх чадварын тухай ярина гэдэг итгэл үнэмшил төрүүлэх ёс зүй мөн ч үү, биш ч үү?

Уул уурхай уналтад орж, гадаадын хөрөнгө оруулалт гацаанд хүрсэн өнөө жилийн форумаар өнгөрснийхөө сургамжийг хэлэлцэх л байх. Хэрэв тийм бол 2015 оны чуулга уулзалтаар “Итгэлцэл” хэмээх сэдвээр хэлэлцэж, “бидэнд итгээч” гэх үгийг сүүлчийн удаа хэлснээ эргэн санаж, энэ үгэнд хэн “уярсныг” хайгаад үзнэ биз ээ.

Төрийн бодлого тодорхойлж буй эрхбаригч намын дарга нь “Гадаадын хөрөнгө оруулалтгүй амьдарч болоод л байна” гэж хэлснийг бодоход бидэн дээр сүүлийн нэг жилийн хугацаанд хэн ч итгэж ирээгүй хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалт тэглэсэн ч бид тэсээд үлдэж чадсан. Мөнгөгүй ч бид тэсээд үлдэж чадах юм байна! Магадгүй, дараа жилийн Эдийн засгийн форумын гол хэлэлцүүлэг “Амьдрал юун дээр тогтдог вэ, мэдээж мөнгө биш!” гэдэг сэдэв байх юм болов уу.

А.АЛИМАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна