Үр хөндүүлэгчдийг шийтгэх ёстой гэв

2016 оны 3 сарын 31

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сунгаанд өрсөлдөж буй Бүгд  найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп “Хэрэв АНУ-д үр хөндөлтийг хоригловол үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг шийтгэх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнийг олон нийт, ялангуяа Цагаан ордны өрсөлдөгчид нь эсэргүүцэж, сөрөг сэтгэгдлээр булах шахжээ. Гэвч телевизээр хэлсэн үгнээсээ болж “барьж идүүлэх” шахсан Доналд Трамп дараа нь хэлсэн үгнээсээ буцаж, үр хөндүүлсэн эх биш, эмчид хуулийн дагуу хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн залруулсан гэнэ.

 

Эхний мэдэгдэлдээ Д.Трамп “Эмэгтэйчүүд ямар нэгэн шийтгэл оноох хэрэгтэй” хэмээн ярихад сэтгүүлч “ямар шийтгэл” оногдуулахыг асуужээ. Хариуд нь Д.Трамп “Мэдэхгүй” хэмээн мөрөө хавчсан аж. Харин Бүгд найрамдах намын өөр нэгэн нэр дэвшигч, хүчингийн хэргийн хохирогчоос бусад тохиолдолд үр хөндөхийг  эсэргүүцсэн Жон Касич Д.Трампын үгийг өлгөн авч “Эмэгтэйчүүдийг шийтгэх нь мэдээж буруу” хэмээн мэдэгджээ. 1973 онд Дээд шүүх Үндсэн хуулийн эрхийн дагуу эмэгтэй хүн жирэмслэлтийг зогсоох эсэх шийдвэрээ хамгаалах эрхтэй хэмээн зааснаар АНУ-д үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн ажээ.

 

Дээд шүүхийн тэрхүү шийдвэр гарснаас хойш  уг шийдвэрийг эргэж харах асуудал байнга сөхөгдөж ирсэн бөгөөд АНУ-ын зарим мужид үр хөндөлтийг хориглох тухай хууль гарсан юм.

 

Бүгд найрамдах намын нэр дэвшигч Д.Трамп мөн Мексикийн хууль бус цагаачдыг бүгд гэмт хэрэгтнүүд хэмээн нэрлэж,  лалын шашинтнуудыг АНУ-ын хилээр орохыг түр хориглохыг уриалж байсан нэгэн юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна