Төрийн банк Малын идексжүүлсэн даатгалын зуучлалын үйлчилгээг үзүүлнэ

2016 оны 3 сарын 31

2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банк “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-тай 2016 онд Малын Индексжүүлсэн Даатгал /МИД/-ын борлуултанд хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа.

МИД нь Монгол улсын хөдөлмөрийн насны хүн амын 30 гаруй хувийг эзэлдэг малчдаа байгалийн болон хүний хүчин зүйлээс болж мал сүргээ алдаж, эдийн засгийн хувьд хохирол амсах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор 2005 оноос эхлэн Монгол улсын засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаагаар Баянхонгор, Завхан, Хэнтий аймагт хэрэгжиж ирсэн. Малыг индексжүүлэх буюу нэгж малчны хотод биш нийт сумын хэмжээнд гарсан малын хорогдол Засгийн газраас заасан босго үзүүлэлтийг давсан тохиолдолд нөхөн төлбөр олгох журмаар даатгах тогтолцоо нь дэлхийд анхны тохиолдол байсан нь саяхан. Тэгвэл одоо Дэлхийн олон улс орон энэ аргачлалыг даатгалын системд ашиглах болжээ.  Ийнхүү амжилттай хэрэгжсэн даатгал өргөжсөөр 2012 оноос Монгол улсын 21 аймагт арилжааны даатгалын компаниудаар дамжуулан хийгдэж эхэлсэн бөгөөд 2015 оноос Засгийн газрын 280 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК хариуцан хэрэгжүүлэх болсон.

МИД-ыг Малчдад илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор 2016 онд даатгалын компаниудаас гадна арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлэхээр болж, хамгийн түрүүнд Монгол улсын өнцөг булан бүрт салбар нэгжтэй “ТӨРИЙН БАНК”-тай малын идексжүүлсэн даатгалыг зуучлан борлуулах хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамтран ажиллах гэрээнд Төрийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Б.Онон, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван нар гарын үсэг зурлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна