Б.Булганыг Ганц худагт хорьж байна

2016 оны 3 сарын 31

Ардчиллын удирдагч  С.Зориг агсны эхнэр Б.Булганыг  2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр саатуулан баривчилж, сэжигтнээр тооцон цагдан хорьсон билээ. Түүнээс хойш Б.Булганыг чухам ямар хэргийн улмаас баривчилсан тухай хуулийнхан одоо болтол албан ёсны мэдээлэл, тайлбар өгөөгүй.  

Б.Булганыг баривчилсан даруйдаа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байснаа Төв аймгийн хорих руу шилжүүлж, ар гэрийнхэнтэй нь уулзахыг хориглож байсан. Одоо буцаад 461 дүгээр ангид хорьж байгаа юм байна.

Б.Булганы ээж Д.Байгалмаа  охиноо хэлмэгдсэн талаар хэвлэлээр ярилцлага өгч, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаад амжсан. Түүний гомдол, хүсэлтийн дагуу энэ сарын эхээр /2016.03.01/ УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан урьдчилан хорих ангид очиж, Б.Булгантай биечлэн уулзсан юм. Уулзалтын үеэр Б.Булган нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өдийг хүртэл өмгөөлөгчтэйгөө уулзаагүй гэдгээ Ж.Батзандан гишүүнд ярьж, өмгөөлөгчтэйгээ тогтмол уулзах хүсэлтээ илэрхийлсэн байдаг.

Харин Б.Булган болоод түүний ээж Д.Байгалмаагийн зүгээс ХЭҮК-т огт хандаж байгаагүй гэнэ. Тус комиссын зүгээс  онц ноцтой энэ хэргийг шийдэхэд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэдгээ мэдэгдээд харин  хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн эрхийг зөрчиж болохгүй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлжээ. Б.Булганыг хувьд анх баривчилж байх үеийнх шиг зөрчил одоогоор байхгүй гэдгийг ч мөн тодотгосон юм.

Д.Цээл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна