Тавтай морил PLAY OFF

2016 оны 3 сарын 31

 

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын тоглолт дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжилж, сүүлийн тоглолт өнгөрсөн даваа гаригт Спортын төв ордны “А” зааланд боллоо. Дөрөв дэх удаагийн улиралд “Харцага”, “Дархан гарьд”, “Их өргөө аравтууд”, “Хасын хүлгүүд”, “Мон-Алтиус Смарт”, “Архангай лидер”, “Төв ургац” гэсэн нийт найман баг гурван тойрогт өрсөлдөж плей-оффт өрсөлдөх зургаан багийн нэр тодорлоо.

Улирлын сүүлчийн тоглолтыг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн олон түрүүтэй “Альянс тех” компанийн “Харцага”, ОУХМ Т.Санчир тэргүүтэй Баянгол дүүргийн “Сентоза ирвэсүүд” багууд хийлээ. Хэрэв “Ирвэсүүд” хожвол плей-оффт хоёрдугаар байраар шалгарч шууд хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болох бол “Харцага” хожвол гуравдугаар байраар шалгарч мөнхийн өрсөлдөгч “Дархан гарьд”-тай плей-оффын эхний шатанд учраа таарах байв. Тиймээс “Харцага”-ын ахлах дасгалжуулагч А.Алтан-Очир тус тоглолтод төдийлөн ач холбогдол өгөөгүй бөгөөд Монгол Улсын шигшээ багийн ахлагч ОУХМ Г.Баттөр, NCAA-гийн Оклахомагийн их сургуулийн бүтээгдэхүүн, америк легионер Карл Блэйр нарыг амрааж, төвийн тоглогч ОУХМ Б.Одбаяр, америк легионер Теенг Акол нарын шилдгүүдийг талбайд ганц ч минут тоглуулаагүй юи. Харин “Ирвэсүүд”-ийн хувьд энэхүү тоглолт тун чухал байлаа. Дасгалжуулагч Б.Баярмагнай гараанд Т.Санчир, С.Эрдэнэдалай, Э.Дорж-Арилд, Дилан Бревер, Майк Андерсон нарыг тоглуулсан бол тэдний эсрэг “Харцага” баг П.Болортулга, Б.Дорждамба, Ц.Азбаяр, Жесиаковски, Ч.Хүрэлбаатарыг илгээжээ. “Ирвэсүүд” тоглолтын эхнээс тун гайхалтай тоглолтыг үзүүлж, 27:18-аар давамгайлсан. Улирлын онооны лидер Т.Санчир, төвийн тоглолт Майк Андерсон нар багийнхаа ихэнх оноог явуулж байлаа. Хоёрдугаар үе мөн “Ирвэсүүд”-ийн давамгайлал дор болж, тоог 22 (55:33) онооны зөрүүтэй болгосноор эхний хагас өндөрлөсөн юм.  

Гуравдугаар үеэс Б.Одбаяр, Теенг Акол гэсэн шилдгүүдээ талбайд оруулах байх гэсэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хүсэл талаар өнгөрч, дасгалжуулагч А.Алтан-Очир энэ удаа тэднийг тоглуулахгүй байх шийдвэрээ өөрчлөөгүй билээ. Гуравдугаар үед “Ирвэсүүд” тоог 80:53 болгосноор өндөрлүүллээ. Энэ үеийн төгсгөлд “Ирвэсүүд”-ийн дасгалжуулагч Б.Баярмагнай гарааны тавтаа амрааж, дахин талбайд тоглуулаагүй. Гэсэн ч “Сентоза ирвэсүүд”-ийн сэлгээнийхэн дөрөвдүгээр үеийн эхэнд тоог 40 онооны зөрүүтэй болгосон юм. Үүнээс хойш “Харцага”-ын Э.Дөлгөөн, Ч.Хүрэлбаатарын холын, Жесиаковски, Г.Цэнгүүнбаяр, Ц.Азбаярын нарын дундын зайн ээлж дараалсан шидэлтүүд амжилттай болсноор тоог 14 онооны зөрүүтэй болгож ойртуулсан юм. Хэрэв ахиад жаахан хугацаа байсан бол “Харцага”-ын залуус гайхалтай эргэн ирэлтийг хийх боломжтой байлаа. Улмаар энэхүү тоглолтод “Ирвэсүүд” 105:90-ээр ялалт байгуулснаар улирлын 12 дахь ялалтаа авсан юм. Ингэснээр тэд лигийн дөрвөн удаагийн аварга “Хасын хүлгүүд” багтай хожил, хожигдол нь тэнцсэн ч хоорондын тоглолтоор плей-оффт хоёрдугаар байраар шалгарч, хагас шигшээд үлдэж чадлаа. Учир нь улирлын тоглолтод эхний хоёроор гарсан багууд хагас шигшээд шууд тунан үлдэж, гурваар гарсан нь зургаатай, дөрөв, тавдугаар байраар шалгарсан багууд хоорондоо тоглож, ялагч нь хагас шигшээд өрсөлдөх эрхтэй юм. 

Плей-оффын тоглолт нөгөөдөр эхлэх бөгөөд эхний тоглолт гурваар гарсан “Хасын хүлгүүд” сүүлийн байраар шалгарсан “Дархан гарьд”-тай, хоёр дахь тулаан дөрвөөр гарсан “Харцага”, тавдугаар байраар шалгарсан “Мон-Алтиус Смарт” багийн хооронд болно.

Д.ЖАВХЛАН

ЭХ СУРВАЛЖ: www.ardiinerkh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна