Хүүхэд харах үйлчилгээ ирэх сараас хэрэгжинэ

2016 оны 3 сарын 31

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хууль хэрэгжиж эхэлсэнээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй олон хүүхэд болзошгүй аюул осолд өртөхөөс хамгаалагдах ач холбогдолтой. Тэгвэл уг үйлчилгээний талаар иргэд ихээр сонирхож буй юм. Чингэлтэй дүүргийн XIV хорооны иргэн Ч.Баттулга. "Хүүхэд харах үйлчилгээ юу болсон бэ. Зуны хүүхэд харах үйлчилгээ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Зун хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгөх боломжтой юу?" зэрэг асуултыг манай редакцид ирүүлсэн юм. Энэ асуултад хариулт өгөхөөр Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт, түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргалтай уулзаж, дараахь тодруулгыг авлаа. 

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин энэхүү үйлчилгээ хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойшхи хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг явуулаад дуусч байна. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээ ирэх сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх боломжтой болсон.

-Таван хүүхэд харж буй хүн бүр хуульд хамрагдаж, хувьсах зардлыг төрөөс авна гэсэн ойлголттой байгаа. Энэ талаар албан ёсны тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол ташаа ойлголт. Бид бэлтгэл ажлын хүрээнд 150 сургагч багш бэлдсэн. Эдгээр багш нийтдээ 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгосон. Мөн хүүхэд харах үйлчилгээнд тодорхой стандартууд бий. Тухайлбал, нэг хүүхдэд 2.5 кв.м зай талбай оногдох ёстой, өрөөний температур, халаалтын горим зэрэг шаардлагуудыг хангасан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулж байна. Ингэж сургалтад хамрагдаж, сертификат авсан, үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл бүхий хүмүүс л хуульд хамрагдана. 

-Нэг хүүхдийн хувьсах зардал хэдэн төгрөг байх вэ?

-Улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан. Энэхүү төсөвт багтаан улсын хэмжээнд 10328 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдана. Нэг хүүхдийн хувьсах зардал нь сарын 116700 төгрөг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардал нь үүнээс хоёр дахин их буюу 233400 төгрөг байна. 

-Эцэг эхээс нэмэлт зардал гарах уу?

-Тухай хүүхэд харагч нь эцэг, эхтэй нь харилцан тохиролцож, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд тодорхой зардал гарна. Тухайлбал, бичиг хэргийн зардал, илүү цагаар харуулах бол түүний нэмэлт мөнгө зэрэг тодорхой хэмжээний зардал эцэг эхээс гарч болно. Гэхдээ нийт сарын төлбөрийн 50-60 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Хүүхэд харах үйлчилгээнд 2-6 насны хүүхдүүд хамрагдана. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нас харгалзахгүйгээр хамрагдах боломжтой. 

-Зуны улиралд хүүхэд харах үйлчилгээ үргэлжлэх үү?

-Хүүхэд харах үйлчилгээ нь цэцэрлэгийн нэгэн адил есдүгээр сарын 1-нээс эхлэн, дараа жилийнх нь тавдугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Тиймд зуны улиралд хэрэгжихгүй.

Б.Бадамгарав

Эх сурвалж: www.news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна