Асуудлаа ярилцах гэж бид цугларсан

2016 оны 3 сарын 31

Монголын эдийн засгийн чуулган долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын захирал Б.Лакшмигаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн форумын онцлог нь юу вэ?

-Эдийн засгийн форум долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил сургамж, сорилт, шийдэл сэдвийн дор асуудлаа томьёолсон. Өмнө нь болж байсан форумаас харахад тулгамдаж буй асуудлаа ярилцаад, шийдлээ ярьдаггүй байсан. Тиймээс энэ жил хэрхэн, яаж шийдэх вэ гэдэг асуудлыг  түлхүү ярилцаж байна.

-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн чуулга уулзалтад ирж оролцох гадаадын  хөрөнгө оруулагчид цөөрсөн гэсэн?  

-Сүүлийн гурван жилийн турш эдийн засгийн форумд гадаадынхныг урихгүй байх чиглэл барьсан. Яагаад гэвэл дотоод асуудлаа дотооддоо ярьдаг индэр хэрэгтэй. Зун зургаадугаар сард Бизнесийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Уг уулзалтаар гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж ярилцахаар төлөвлөөд байна. Тэгэхгүй бол дотоодод тулгамдаад байгаа асуудлаа ярилцахын тулд гадныхныг урих шаардлагагүй болов уу. Тэд энэ форумд оролцох юм бол бизнесийн орчин улстөржчихсөн байна гэсэн ойлголт аваад л буцна шүү дээ.

-Уг форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Сонгууль дөхөж байна. Форум дээр яригдаж байгаа асуудлыг төрийн засгийнхан сонсоод тодорхой хэмжээний шийдэл олох байх. Яагаад гэвэл эдийн засгийн хамгийн чухал нь бизнесийн орчин байдаг. Гэтэл бизнесийн орчинд чөлөөт өрсөлдөөн байхгүй болчихсон гэдэг нь харагдаж байна.

-Эдийн засгийн форум зургаан жил дараалж зохион байгуулагдсан. Өнгөрсөн зургаан жилд ямар үр дүн үзүүлсэн юм бэ?

-Эдийн засгийн форумыг зохион байгуулснаараа олон талын санал гарч байна. Энэ жилийн зорилго нь шийдэл олоход чиглэсэн. Нөгөө талаас эдийн засаг хүндэрч байна гээд монголчууд хоорондоо ярилцахгүй суугаад байх юм гэж үү? Ярилцаж зөвшилцөж, ойлголцож байж шийдэл гарна. Хоёрдугаарт, ярилцаж ойлголцох чөлөөт индэр бидэнд байна. Биднийг бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ард түмэн гэж гадныхан дүгнэдэг. Дундад Азид бол тийм биш. Чөлөөтэй саналаа хэлж чадаж байгаа энэхүү индэрээс шууд ардчилалын хэлбэр харагдаж байгаа юм.

-Чуулганаар ярьсан асуудал нь ажил болохгүй тохиолдол их байна. Тиймээс эдийн засгийн форумд өөр өнцөг, өөр арга барил хэрэгтэй юм биш үү? Өчигдөр жишээ нь “Монгол мөрөөдөл” гэсэн салбар хуралдаанд маш олон хүн идэвхтэй оролцож байсан. 

-“Монгол Мөрөөдөл” шинэлэг сэдэв биш. Бид өмнө жил ярьж байсан. Нөгөө талаас нийгмийн даатгалын шинэчлэлийг бид маш олон жил ярьж байна. Гол нь хийх ёстой. Монголын эдийн засгийн форум бол төрийн бус байгууллага. Бид энэ форумд яригдаж байгаа асуудлыг шийдвэрлэх эрхгүй шүү дээ.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна