Орон нутгийн нислэгийг зогсоож магадгүй

2016 оны 3 сарын 31

АСЕМ-ийн 11 дүгээр дээд түвшний уулзалт  Монгол Улсад болох гэж буйтай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ өөрөөсөө 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны  зогсоол, зорчигчдын орж, гарах танхимыг шинээр тохижуулан засварлаж буй юм. Ирэх дөрөвдүгээр сарын 20 гэхэд буудлын засвар, өргөтгөлийн ажил бараг дуусна гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлага өнөөдөр мэдээллээ.  Өмнө нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал 25 онгоц зогсох зогсоолтой байсан бол АСЕМ-ийн уулзалтад зориулж  4C ангиллын есөн онгоц зогсох зогсоолыг нэмж барьсан байна. Бусад нисэх буудал нь хөгжсөн оронд АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад уригдан ирсэн зочид нисэх буудлын тусгай зэрэглэлийн орох, гарах гарцаар үйлчлүүлж, бусад зорчигчид энгийн терминалаар үйлчлүүлэх боломжтой байдаг. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын тухайд  онгоцноос буусан зорчигчид наашаа гарч ирэх ганцхан терминалтай юм. Иймээс АСЕМ-ийн уулзалтын үеэр буюу ирэх долоодугаар сарын 15, 16 ний өдрүүдэд орон нутгийн нислэгийг зогсоохоор төлөвлөжээ. Хэрэв Налайх дүүргийн нисэх зурваст онгоц бууж болно, аюулгүй гэдэг нь батлагдвал тэнд орон нутгийн нислэгийг буулгаж, хөөргөнө гэсэн тооцооллыг нисэхийнхэн давхар гаргасан байна. Зочдын аюулгүй байдал, нисэхийг тойрсон хамгаалалтын ажиллагааг хэрхэн  зохион байгуулах, хаана хамгаалалтаа байрлуулах вэ зэрэг аюулгүй байдлын зураглалыг ИНЕГ, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтран гаргаж, ажиллаж байгаа гэлээ.

Ирсэн гадны зочдын онгоцыг цэнэглэхэд 1100 тонн түлш шаардлагатай гэж ИНЕГ-ынхан тооцжээ. Одоогоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хоёр хувийн компани онгоцны сумалгаа буюу түлш цэнэглэлтийг хариуцан ажилладаг. Энэ хоёр компанийн нэг нь л гэхэд 2000 тонн түлш нөөцлөх савтай. Иймээс зочдын онгоц түлшээр тасалдана гэж айлтгүй хэмээн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хэлтсийн дарга М.Төгсбаяр ярилаа.

Онгоцны зогсоолоос гадна хөөрч, буух хатуу хучилттай зурвасын  хүчитгэлийн 500 метрийн болон перроны өргөтгөлийг давхар хийж дуусжээ. Мөн нисэх буудалд цагт 1200 зорчигч дамжин өнгөрөх  танхимыг шинээр тохижуулж, гадны төлөөлөгчид буцахад агаарын хөлөгт суух тусгай гарцуудыг төлөвлөсөн зэргээр 52 орны төрийн тэргүүнүүд ирж, оролцох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхан бэлдэж байна. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг дагасан бага хурлууд мөн болно. Ирэх дөрөвдүгээр сарын 21, 22 ны өдөр хамгийн эхний дагалдах хурал болохоор  товлогджээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна