Тосонбумбын нурууг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Тосонбумбын нурууг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй

Өнгөрөгч мягмар гаригт нэр бүхий гишүүд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост- Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Энэ асуудлаар өнөөдөр “Ирвэс хамгаалах сан”-гийнхан мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар Тост Тосонбумбын нурууг хамгаалалтад авах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгааг онцоллоо.

Гурван тэс сумын удирдлага, иргэд энэ асуудлыг 2009 оноос хойш хөөцөлдсөөр иржээ. Харин өнөөдөр л биеллээ олж, УИХ-д тогтоолын төслөө өргөн барьсан гэлээ. Тиймээс энэ удаад гол нь иргэд, иргэний нийгмийнхэн, хэсэг гишүүдээс гадна сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхны оролцоо, тусламж ч хэрэгтэй байгаагаа хэллээ.

Гол нь Тост-Тосонбумбын нуруу нь дэлхийд ховордсон цоохор ирвэсийн амьдардаг, хамгийн нягтаршил ихтэй бүс нутаг. Мөн цоохор ирвэсийг дагасан аргаль, хонь, янгир ямаа болон 15 зүйлийн ховор болон ховордсон ургамлыг хамгаалах үүднээс энэ ажлыг ирэх хаврын чуулганаар заавал хэлэлцүүлж, тусгай хамгаалалтад авах шаардлагатай хэмээн уриалж байгаа юм. 

Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож байгаа нутаг нь Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар болон Говийн Их дархан цаазат газартай хил залган оршдог байна. Мөн аргаль, хонь, янгир, ямаа, цоохор ирвэс, хавтгай, мазаалай зэрэг нэн ховор амьтдын шилжин нүүдэллэх экологийн гол коридор гэж үзэж байгаа юм.

“Ирвэс хамгаалах сан”-ийнхан 2008 оноос олон улсын байгууллагын тусламжтайгаар Тост-Тосонбумбын нуруун дахь ирвэсийг хянаж, судалгаа явуулахаар хүзүүвчилж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Тосонбумбын нуруунд 20 цоохор ирвэсийг хүзүүвчилсэн байна.

Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудалтай зэрэгцэн лицензийн маргаан үүссэн. Энэ хэсэгт 20 гаруй лиценз бий гэсэн ч хамгийн сүүлийн байдлаар 12 болжээ. Үүний 10 нь хайгуулын, хоёр нь ашиглалтын лиценз юм байна.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж