Бизнесийнхэн тэрбумаар шатсан уу?

2016 оны 3 сарын 31

Ам.долларын ханшийн өсөлтөөс бизнесийнхэн ихээр алдагдал үүрч байгаагаа жил гаруйн өмнөөс ярьж эхэлсэн. Тэд үүнд Монголбанк, төр засгийг зохистой арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар ханшийн өөрчлөлтөөс үүдэн нэг компани л гэхэд 800 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн алдагдал хүлээсэн хэмээн мэдээллээ. Өнөөдөр болсон “218.1” үндэсний хөдөлгөөнийхний хэвлэлийн хурлын үеэр энэ тоо баримтыг дурдлаа. “218.1” хөдөлгөөнд бизнесийнхэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хуульч өмгөөлөгч, иргэдийн төлөөлөл багтжээ. Хөдөлгөөний тэргүүн Т.Баярхүү “Захын жишээ дурдахад, банкнаас 60 сая төгрөгийн зээл авсан бол ам.долларын ханшаас болоод өнөөдөр 95 саяд хүрч байна. Биднээс шалтгаалаагүй ийм нөхцөлд төр засаг зохицуулалт хийж, туслах үүрэгтэй” гэлээ.

Тэдний урдаа барьж буй гол заалт нь Иргэний хуулийн 218 дугаар зүйл. Энэ хэсэгт  “Төлбөр гүйцэтгэх хугацаанаас өмнө мөнгөний ханш өссөн эсвэл, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно” гэж заасан. Харин ам.долларын ханшийн энэ их зөрүүтэй нөхцөлд дээрх хуулийн заалт огт үйлчлэхгүй, нэрлэсэн үнээр явж байгааг тэд шүүмжилж байна.

Мөн “Архи, тамхины онцтой татварыг авахдаа тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцно гэж заасан байсан  ч энэ заалтыг хасч, оронд нь 1450 болгож нэрлэсэн” гэлээ.

Тэд өнөөгийн үүсээд байгаа нөхцөлийг зохиомол хямрал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс зөвхөн бизнес эрхлэгчид гэлтгүй, иргэд ч зохиомол хямралын эсрэг нэгдэхийг уриаллаа. Иргэний хуулийн 218 дугаар зүйл заалтын хэрэгжилтийг шаардах, зохиомол хямралын эсрэг нэгдэж, өөрсдийнхөө төлөө тэмцэхийг “218.1” үндэсний хөдөлгөөнийхөн уриаллаа.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна