“Монгол фармер” ложистик худалдааны төвийн төслийн явцтай танилцав

2016 оны 3 сарын 31

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.31/ хүнсний ногоо тариалагчид, малчидтай хамтран ажиллаж, импортыг бууруулж, эрүүл, аюулгүй хүнсээр дотоодын зах зээлийг бүрэн хангах зорилгоор "Дельта холдинг" ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол фармер” ложистик худалдааны төвийн төслийн явцтай танилцав. 
 
 
Монгол Улс жилдээ 68.500 тонн буюу 27 тэрбум төгрөгийн хүнсний ногоог импортлож байна. “Дельта холдинг” ХХК олон улсын эрүүл ахуйн стандартыг хангасан тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн иж бүрэн системийг бүрдүүлэх замаар хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг дээд зэргээр хангахуйц орчин үеийн жишиг цогцолбор ложистик төв байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ганбат Улсын Их Хурлын даргад танилцуулав. Хоёр үе шаттай хэрэгжүүлж буй уг төсөл эхний ээлжинд 1000 тн-ын багтаамжтай махны хөргүүртэй зоорь, 1200 тонн-ын багтаамжтай жимс, хүнсний ногооны хөргүүрийг шаардлагатай иж бүрэн дэд бүтцийн хамт ашиглалтад оруулжээ. Ингэснээр 14 ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд төслийн дараагийн шатыг хэрэгжүүлж дуусахад 24 шууд ажлын байр, шууд бусаар 1000-2000 орчим ажлын байрыг бий болгох тооцоолол гаргажээ. 
 
Төслийн нийт хөрөнгө оруулалт 25 тэрбум төгрөг бөгөөд эхний ээлжийн 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 7.5 тэрбум төгрөгийн зээл авсан ба 03 дугаар сарын 31-ний байдлаар 5.0 тэрбум төгрөгийг эргэн төлжээ. Үлдэгдэл 2.5 тэрбум төгрөгийг 8 сарын хугацаанд төлөх графиктай байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав. Төслийн хоёрдугаар ээлжийг 2016-2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд 2200 тн-ын багтаамжтай зоорь, хүнсний ногооны ангилан ялгах цех, махны ангилан ялгах цехийг байгуулах юм байна. 
 
 
Төслийн хүрээнд ашиглалтад ороод буй зооринд 180 тн байцаа, 140 тн сонгино, 120 тн төмсийг стандартын дагуу хадгалж байгаа бөгөөд өндөр үр дүнтэй байгаа юм байна. Түүнчлэн алим, сарнай зэргийг хадгалж туршсан нь амжилттай болсон талаар танилцуулгын үеэр дурдаж байлаа.
 
 
Төсөл хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд хүнсний ногооны зоорийн хэрэгцээний 33.2 хувийг хангах юм. Түүнчлэн зориулалтын тээвэрлэлт, техник хэрэгслийг технологийн дагуу нэвтрүүлснээр хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангах боломж бүрдэнэ хэмээн тооцсон байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, орчин үеийн техникжсэн суурин фермийн аж ахуй хөгжлийг суурийг тавих, тариаланчдыг дэмжих замаар жимс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, хүнсний ногооны үнийг тогтворжуулах боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой талаар  "Дельта холдинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганбат танилцуулгадаа онцолж байв. 
 
 
Энэ үеэр "Дельта холдинг" ХХК-тай хамтран ажиллаж буй өрхийн тариаланчидтай уулзсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын өрхийн тариаланч Д.Батмөнх “Хүнсний ногоо тариалагчдын хувьд хадгалалтын асуудал хамгийн хүндрэлтэй байсан. Хадгалалтын явцад хүнсний ногооны 50 хувь нь хаягддаг. Хадгалалт даахгүй учраас намар маш хямд үнээр борлуулдаг учраас өрхийн хэмжээнд хүнсний ногооны тариалалт эрхлэхэд ашиггүй байдаг юм. Миний хувьд энэ байгууллагатай хамтран ажилласнаар цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх, зах зээл, борлуулалтын талаар санаа зовинохгүй, тогтмол орлоготой байх боломж бүрдсэн” хэмээн хэлж байлаа. Төсөл хэрэгжүүлснээс Дельта холдинг хүнсний ногоо тариалагчидтай хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм. Нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой “Монгол фармер” ложистик худалдааны төвийн төслийг төр засгаас дэмжих шаардлагатай байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцуулж, ярилцсан юм. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга бүтээн байгуулалтын ажилдаа дотоодын барилгын материал ашиглах талаар судалж үзэхийг зөвлөж байлаа. 
 
 
Мөн "Дельта холдинг" ХХК малчид, хэрэглэгчийг шууд холбох “Монгол аагинт” төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан юм  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна