Бархасбадийг солир мөргөв

2016 оны 3 сарын 31

Нарны аймгийн тав дах том гариг Бархасбадийг нэгэн гадны биет мөргөснийг Австрийн одон орон судлаач санамсаргүй олж харж, бичиж авсан байна.

Австрийн одон оронч, ажиглагч Геррит Кернбауер энэ үзэгдлийг энэ сарын 17-нд Модлинг дах ажиглалтын дурангаар харж, бичиж авчээ. YouTube сайтад тавьсан энэхүү бичлэгийг энэ хугацаанд нэг сая гаруй хүн үзсэн байна.

Кернбауер эхлээд харсан зүйлдээ итгээгүй аж. Сайн харж чадаагүй учраас бичлэгийг дахин үзэхээс залхуурчээ. Харин 10 хоногийн дараа бичлэгийг дахин үзэхэд  Бархасбадь гаригийг баруун талд гэрэл анивчих шиг болсон нь сайн ажиглавал гадны биет мөргөсөн байжээ. 1994 онд Бархасбадь гариг Shoemaker-Levy 9 хэмээх солиртой шүргэлцсэнийг НАСА-гийн Галилео сансрын станц болон дэлхий дээрх одон орон судлаачид олж харсан билээ.

Кернбауерын ажиглалтаар асар хурдтай астеройд юмуу солирын хэлтэрхий Бархасбадь гаригийн хий мандалд нэвтрээд шууд дэлбэрсэн ажээ.

Энэ үйл явдлыг Кернбауераас гадна Ирландын одон орон судлаач Жон МакКеон бас харсан гэнэ.

Бархасбадь гариг нь олон жижиг одны бүслүүр дунд оршдог асар том гариг учраас таталцлын хүч гадны биетийг татдаг ажээ. Хэдийгээр Бархасбадийг мөргөсөн солирын хэлтэрхий маш өчүүхэн байж болох ч мөргөлтийн хүч асар хүчтэй байсан байж таарна. Учир нь Бархасбадийг мөргөсөн зүйлийн хурд дэлхийд ирэх хурдаас тав дахин хүчтэй байна. Гэхдээ тэрхүү солирын мөргөлтийн дараа Бархасбадийн гадаргуу дээр илэрхий өөрчлөлт гараагүй” хэмээн Кернбауер ярьсан байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна